Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авах замыг нээж өгч байгаа тогтоолын төсөлд хориг тавихаар шийдсэн НҮБ-ын АЗ-ийн хоёр байнгын гишүүн Орос, Хятад улсуудын шийдвэрийг өргөн хэлэлцэн шүүмжилж байна. НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг саатуулсан хоёр орны шийдвэрт Дамаск таалархал илэрхийлээд Орос, Хятад улсууд шудрага бус явдлын эсрэг ард түмний талд орсон гэж мэдэгдсэн байна. Харин Барууны орны улс төрчид Орос,Хятад улсуудын нэгдсэн байр суурийг эрс шүүмжилж байна. АНУ-ын төлөөлөгчид бусдаас илүү шүүмжилж байна. Орос, Хятад улсуудын саатуулсан тогтоолын төслийг уул нь Франц, Их Британи, Герман, Португал улсууд санаачилсан боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон маш ширүүн шүүмжилж байна. Сири улсын амьдралыг эцсий нь хүртэл цогцлоон байгуулах “барууны төсөл” нь цорын ганц зөв зам гэдгийг тэрээр батлахад бэлэн байгаа бололтой.

   Энэ тогтоолд хориг тавихаар шийдсэн улсууд сирийн ард түмэн болон бүх дэлхийн эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хүн бүхэнд тайлбар өгөх ёстой гэж Доминиканын БН улсад айлчлах үеэрээ төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. “Сирийн дэглэмийн хоолойг бооход бэлэн байгаа” улсуудын тоо нэмэгдэнэ гэдэгт Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Асадын дэглэмийг ямарч үнээр хамаагүй боох гэсэн арга зөвхөн энэ бүс нутагт биш дэлхий дахинд сүйрлийн хор уршигтай болж мэднэ. Ер нь энэ оч дэлхийн 3-р дайны түймрийг дэгдээж мэднэ гэж ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. «Орос, Хятад улсууд Ойрхи Дорнодод дэгдэх томоохон дайныг тогтоон барьж байна. Хэрвээ эвсэл сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох юм бол энэ оролцоо автоматаар сири, израилийн дайн болж хувирна. Иран улс зүгээр хараад байхгүй Сири улсын талд орж л таараа. Өөрөөр хэлвэл урьдчилан харахын аргагүй удаан хугацааны байлдааны мөргөлдөөн болж хувирна» гэж Сергей Лузянин ярилаа. Олон гүрэн улсын ашиг сонирхол сүлэлдсэн Ойрхи Дорнодын сөргөлдөөнийг улайсгах нь даярчлалыг хамарсан мөргөлдөөнийг үүсгэж мэднэ. “Ливийн байдлыг даамжруулсан” амжилтаар толгой нь эргэж байгаа улсууд үүнийг ойлгох ёстой. Орос, Хятад улсуудын саатуулсан тогтоолын төсөл нь сөргөлдөөний гүн ухаан дээр суурилсан бөгөөд Ойрхи Дорнод гэдэг бол дарьтай торх гэдгийг тооцоогүй бололтой. Энэ төсөл нь Дамаскыг дан ганц нэг талаас нь буруутгаснаараа онцлог байсан ба хүчирхийлэл үйлдэж байгаа, бүр алан хядах ажиллагаанд шилжээд байгаа сирийн сөрөг хүчний тухай юу ч дурдаагүй байсан юм. Сири улсад угсаатан хоорондын болон шашин хоорондын сөргөлдөөнийг эхлүүлэх замыг барууны орнууд тавьж өгч байна.

     Башар Асадын дэглэм нь хувьсаж байгаа боловч Барууныхан үүнийг ажиглахыг хүсэхгүй байгаа ба түүнийг хүчээр унагаахыг л зорьж байна гэж Төрийн Думын олон улсын байнгын хорооны дарга Константин Косачев тэмдэглээд «Нэг намын системээс салах, ардчилсан үндсэн дээр сонгууль явуулах, олон нийтийн ХМХ-д эрх чөлөө олгох зэрэг асуудлуудыг шийдэх бүхэл бүтэн хууль тогтоох санал санаачлагууд байсаар байна. Хувьслын замаар урагшлах замыг үгүйсгэж, хувьсгалын замаар шийдэх нь ухаалаг бус арга юм. Энэ нь сирийн ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй байна. АЗ дээрх орос, хятадын байр суурь үүнд л оршиж байгаа юм. Сири улсын улс төрийн процесст хиймэл аргаар гаднаас нөлөөлөх нь шинэ цус урсгалт, шинэ эмх замбараагүй байдал, шинэ эмгэнэлд хүргэнэ» гэлээ. Иргэний дайны дүнд Сири улсыг унагаах нь бүхэлдээ Ойрхи Дорнодын нөхцөл байдалд маш муугаар нөлөөлнө. Сирийн төр засаг болон сөрөг хүчний хоорондох сөргөлдөөнд барууныхан цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцож хэзээч болохгүй гэдгийг хатуугаар тэмдэглэсэн өөрсдийн хувилбарыг Орос, Хятад улсууд АЗ-д санал болгож байна.