0Жирийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарж байгаа Сири улсын эсрэг НҮБ-ын АЗ-ийн тогтоолийг Орос, Хятад улсууд саатуулсан явдлыг АНУ-ын засгийн газар эрс шүүмжлэж байна. Сирийн засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авахаар заналхийлсан тогтоолын төслийг саатуулснаараа НҮБ-ын АЗ “хариуцлагагүй байдлаа харууллаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Орос, Хятад улсууд хориг тавих эрхээ яагаад ашиглах болсноо “сирийн ард түмэнд тайлбарлах ёстой гэж” Клинтон мэдэгдснийг “Рейтер” агентлаг уламжилсан байна. “Башар Асадын дэглэмд зэвсэг нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж, тэр зэвсгээр нь энгийн номхон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насыг хороож байгаа тухай эдгээр улс сайн бодох хэрэгтэй гэж” Клинтон хэлжээ. “Түүхэн үүднээс авч үзэх юм бол эдгээр улсууд буруу талыг баримтлаад байна. Энэ маргаантай асуудал дээр тэд хамгаалах ёстой хүмүүсээ хамгаалж чадахгүй байна гэж” АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ. Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр сирийн ард түмэн үүнийг хэзээч мартахгүй. НҮБ-ын мэдээгээр эсэргүүцэл эхэлснээс хойш 7 сарын дотор Сири улсад 2700 хүн амь насаа алджээ. Бараг хагас жил эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авхаар заналхийлсэн НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг Орос, Хятад улсууд саатуулсан юм. “Сири улсын нөхцөл байдлыг хар, цагаанаар будаж бүх муу муухайн хариуцлагыг албан ёсны Дамаскд тохож бүх итгэл найдвар сөрөг хүчинд байна гэж үзэх нь маш буруу юм гэж” ОХУ-ын Төрийн Думын олон улсын харилцааны байнгын хорооны дарга Константин Косачев мэдэгдсэн байна. Энэ баримт бичиг нэг талыг хэт баримтласан байсан тул ОУ Сири улсын талаарх тогтоолын төслийг саатуулсан. Москва “ливийн байдлыг” сайтар тооцож үзсэн гэж оросын парламентийн гишүүний хэлснийг “Интерфакс” уламжилсан байна.