Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол, Оросын найрамдлын уламжлалт 51-р сарын ажил эхэлж байна. Энэ жилийн сарын ажлыг Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан юм. Маргааш 10-р сарын 6-нд “Оросын дуу хоолой” радиогийн өдрийг тэмдэглэх нь энэ удаагийн сарын ажлын бас нэгэн гол үйл явдал болох юм. “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид Улаанбаатар хотод хуран цугларсаар байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол улсын нийслэлээс мэдээлэхдээ: «Монгол, Оросын найрамдлын сарын ажил олон жил дараалан уламжлал ёсоор 10 сард болдог нь монголын гайхамшигтай намар цагийн нэгэн чимэг нь болдог билээ. Маргааш 10 сарын 6-нд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олон сонсогчид ирнэ гэдэгт би найдаж байна. Тэнд “Оросын дуу хоолой” радиогийн өдөр болох юм. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан манай радиогоос зарласан радио асуулт хариултын уралдааны дүнг гаргаж ялагчдад шагнал  гардуулна. Манай радио энэ уралдааныг Монгол улсад суугаа ОУ-ын элчин сайдын яам, Монголын анд нөхдийн нийгэмлэг, Монгол-Орос найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Уралдааны бүх ялагчид, тэдний найз нөхөд, төрөл төрөгсөд, манай нэвтрүүлгийг шүүн хэлэлцэж санал хүсэлтээ илэрхийлэхийг хүссэн хэн бүхнийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид та бүхнийг маргааш 10-р сарын 6-ны 16 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хүлээж байна» гэлээ. Одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа манай тусгай сурвалжлагч Ольга Павловичийн яриаг та бүхэн сонслоо. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох “Оросын дуу хоолой” радиогийн өдрийг түүнтэй хамт орчуулагч Аюушийн Огторгуймаа хөтлөх болно.