0НҮБ-ын АЗ дээр Орос, Хятад улсууд өөрсдийн хориг тавих эрхийг ашиглан өчигдөр Сирийн эсрэг тогтоолыг эсэргүүцлээ. Өөрийн ард түмний эсрэг харгислал үйлдэж байгаа сирийн төр засгийг эрс шүүмжилсэн тогтоолыг АЗ-ийн 15 гишүүний 9 нь сайшаасан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. АЗ-ийн 4 гишүүн түдгэлзсэн байна. Баруун Европын хэд хэдэн орны санал болгосон Сири улсын эсрэг тогтоолыг эсэргүүцэхийн тулд Орос, Хятад улсууд НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний статусаа ашигласан байна. Франц улсын санал болгож ХБНГУ, Их Британи, Португал улсуудын дэмжсэн тогтоолын төсөлд Сири улсад үйлдэж байгаа хүчирхийллийг 30 хоногийн дотор зогсоохыг шаардсан байсан юм. Хэрвээ зогсоохгүй бол Сири улсын эсрэг “бүрэн хэмжээний арга хэмжээ авна” гэж төсөлд дурдсан юм. Тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг заасан тогтоолын төслийг хэзээч хүлээн авах аргагүй гэж ОУ үзэж байна гэж ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов “Интерфакс”агентлагт мэдэгдсэн юм. Хэрвээ европын санал болгосон тогтоолын төслийг хүлээж авах юм бол Сири улсад иргэний дайныг өдөөн хатгах болно гэж НҮБ-д ОУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгджээ. Сири улсад ливийн байдлыг давтахын эсрэг ОУ тэмцэж байна. НҮБ-д БНХАУ-аас суугаа байнгын төлөөлөгч Ли Баодун өөрийн зүгээс хэлэхдээ, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж Сири улсад болж байгаа үйл явдалд хянуур хандахыг НҮБ-ын АЗ-д уриалсан байна. “Хүчирхийлэл, цус урсгах явдлаас зайлсхийхийн тулд бүх талууд дотроо бодолтой хандахыг” Ли Баодун уриалжээ.