Америкийн доллартой харьцах юанийн ханшийг дээшлүүлэхэд БНХАУ-ыг албадахын тулд АНУ-ын Сенатаас шинэ хууль батлах гэж байгааг Бээжин эрс эсэргүүцэж байна гэж Вашингтонд санууллаа. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ма Чжаосюй өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Үндэсний валютынхаа ханшийг санаатайгаар буруулах замаар экспортоо тэтгэж байгаа орнуудын импортод нөхөн төлбөр ногдуулах боломжийг хангах шинэ хуулийн төслийг АНУ-ын Сенат энэ долоо хоногт хэлэлцэж батлах ёстой гэж “Рейтер” агентлаг мэдээлсэн байна. Энэ алхам нь дэлхийн томоохон эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдээж мэднэ гэж БНХАУ мэдэгдлээ. Америкчууд даяарчлалыг хамарсан валютын асуудлыг улс төржүүлж байна гэж Вашигтонд өгсөн зохих хариундаа Хятадын Төв банк, БНХАУ-ын ГХЯ, Арилжааны яам мэдэгдсэн байна. “АНУ “валютын тэнцвэржүүлэлт” нэрийн дор ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж байгаа гаалиар ивээх арга хэмжээ авахын тулд валютын ханшны асуудлыг ашиглах гэж байна. Энэ байдал нь хятад, америкийн худалдаа, эдийн засгийн харилцааг ноцтой муутгаж мэднэ гэж” хятадын засгийн газрын веб-хуудсан дээр нийтлэгдсэн Ма Чжаосюйн мэдэгдэлд өгүүлжээ. Доллартой харьцах юанийн ханшийг дутуу үнэлсэнээс болж АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр алдагдал гарч мэднэ гэж америкийн хууль тогтоогчид мэдэгдсэн байна. Энэ хуулийн төслийг баталснаар АНУ-ын жил бүрийн худалдааны алдагдал 250 тэрбум дорллароор багасах ёстой юм.