Оросын ГЛОНАСС  сансрын навигацийн систем өнөөдрөөс дэлхий дэх объект чухам хаана байгааг 5 метр хүртэл  зааж тодорхойлоно. ГЛОНАСС-М-ын 24 дахь хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргаснаас  хойш ийм боломж бий болсон. Аппаратыг Плесецк сансрын хөлгийн буудлаас «СОЮЗ» зөөгч пуужингаар өнөөдөр хөөргөв. Түүнийг системд нэвтрүүлснээр шаардагдах тооны хиймэл дагуул хэвийн ажиллана гэж ОХУ-ын БХЯ-ны сансрын цэргийн  хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч хурандаа Алексей Золотухин мэдээлээд «Сансрын аппараттай телеметрийн холбоо тогтмол барьж байна. Хиймэл дагуулын бүхээгийн систем хэвийн ажиллаж байна. Хиймэл дагуулыг Плесецк  сансрын хөлгийн буудлаас 2 дахь удаагаа хөөргөөд байна. Оросын сансрын навигацийн системийн анхны аппаратыг 2011 оны 2-р сарын 26-нд анх удаа хөөргөсөн билээ. Урьд бүх багажийг Байконур сансрын хөлгийн буудлаас «Протон» хүнд ангилалын пуужингаар хөөргеж байсан» гэв.

   Урьд мөн систем объект чухам хаана байгааг 50 метр хүртэл орон зайд нарийвчлалтай зааж байсан гэж Оросын сансар судлалын академийн сурвалжлагч гишүүн Александр Железняков тайлбарлан хэлээд «Системд шаардагдах тооны хиймэл дагуул байгаагүй үед дохиог хүлээж авах ажил  тасалдах тохиолдол ч гарч байлаа. Систем зарим нутгийг хамрахгүй байсан. Одоо тэр бүрэн ажиллаж эхлэсэн» гэв. Удахгүй хиймэл дагуулын навигаци аливаа хөгжингүй улсын дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болно. Иймээс ГЛОНАСС Орос улсад төдийгүй дэлхий дахинд чухал юм. Одоо бүрэн ажиллаж буй америкийн GPS систем  хэд хэдэн сул талтай. Тус систем хойд нутагт сайн ажиллахгүй  түүнчлэн  Хойд туйл дээр огт ажиллахгүй байна. Орос улсын нутаг дэвсгэрийн 45 хувь нь туйлын цаана оршдгийг харгалзвал ГЛОНАСС навигацийг хангахад нэн чухал юм. Эдүгээ олон улс орон америкийн GPS системээс шалтгаалахгүй байхын тулд ГЛОНАСС-ыг ашиглахыг сонирхож байна. ГЛОНАСС системийг ашиглах хэлэлцээр Белорус,Энэтхэг,Казахстан,Канад улсуудтай байгуулжээ. Мөн ЕХ-той байгуулах гэрээний төсөл бий. Латин Америкийн ба арабын орнууд системийг гойд сонирхож байна. GPS,ГЛОНАСС  системүүд өрсөлдөлгүй боломжоо нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Ойрын үед хэрэглэгчид оросын төдийгүй америкийн хиймэл дагуулын навигацийн системийг хэрэглэх юм. ГЛОНАСС дэлхий дэх обьект чухам хаана байгааг 3 жилийн дараа 1 метр хүртэл  зааж тодорхойлоно.