Украин, Белорус дахь хүний эрхийн асуудлыг тойрсон, мөн Ойрхи Дорнодын байдал Европын зөвлөлийн Парламентын ассамблейн намрын чуулганы хэлэлцэх гол сэдэв болох юм. Дэлхийн парламентын томоохон чуулга уулзалт өнөөдөр Страсбургад нээгдэнэ. Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас хуралдаан дээр үг хэлж, Ойрхи Дорнодын байдлыг хөндөн ярина. Энэ долоо хоногт Европын зөвлөлийн Парламентын ассамблейн депутатууд ардчиллыг бэхжүүлэх түншийн статус Палестинд олгох боломжийг авч үзэх юм. Ийм статус Страсбургад тус байгууллагын хуралдаанд оролцох боломж олгоно. Гэхдээ ийм түнш шийдвэрлэгч санал өгөх эрхгүй. Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны дарга Константин Косачёвын ассамблейн хуралдаан нээгдэхийн өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлсэнээр уг асуудлыг Европын зөвлөлийн Парламентын ассамблейн төгсгөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаанаар Палестинтэй түншлэхийг сайшаан дэмжих бололтой гэж оросын депутат үзэж байна. Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенког эрүүгийн  хэрэгт татан шүүж байгаа нь шуурхай хэлэлцэх санал шүүмжлэлийн сэдэв болж магадгүй. Оросын төлөөлөгчдийн тэргүүний мэдээлснээр ийм санаачилга дэвшүүлсэн байна. Гэвч одоогоор Европын зөвлөлийн Парламентын ассамблейн товчоонд хэлэлцүүлэхээр оруулаагүй. Түүнээс гадна Европын зөвлөлийн Парламентын ассамблейн гол байгууллага-улс төрийн асуудал эрхлэсэн комисс  Белоруст хүний эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хэрхэн даган мөрдөж байгааг авч үзэх юм. Уригдсан тусгай зочны статусыг тус улсад олгох төлөвийг  ч хөндөж  магадгүй.