Оросын хөл бөмбөгийн холбооны батласан хөгжөөн дэмжигчийн цэнгэлдэх хүрээлэнд баримтлах шинэ дүрэм  10-р сарын нэгнээс хүчин төгөлдөр боллоо. «Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчийн хууль» 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага щалгаруулах тэмцээнийг зохион явуулах Орос улсын хувьд зарчимт ач холбогдолтой юм. Цэнгэлдэх хүрээлэнд тамхи татах, хуванцар сандал дээр зогсох, хөл бөмбөгийн талбайд юм хаях, доромжлох үг хэллэг хашгирахыг одоогоос хориглов. Дурс бичлэгийн багажийн тусламжтайгаар хөгжөөн дэмжигчдийн зан үйлдлийг ажиглана. Нуугдах аргагүй. Шинэ дүрмээр нүүрээ халхавчлах хувцастай хүнийг цэнгэлдэх хүрээлэнд оруулахыг хориглосон байна. Гэр бүлээрээ ирж хөл бөмбөгийн тоглолтыг сонирхох хүмүүст зориулсан ядаж хоёр сектор цэнгэлдэх хүрээлэнд байх ёстой. Клубын бэлгэ тэмдэгтэй ийшээ ирж болно. Харин  дуу чангатгагч, хэнгэрэгтэй хүмүүсийг оруулахгүй. Хөгжөөн дэмжигчдийн тусгай хэсэгт хашгирч идэвхтэй дэмжиж болно. Харин африкийн «вувузела» бишгүүрийг хэрэглэхийг хориглов. Хөгжөөн дэмжигчдийн бэлгэ тэмдэгт тавих шаардлагыг шинэ дүрмээр тодорхойлсон. Туг далбаа хуванцар иштэй байх ёстой. Зурагт хуудаст гал түймрээс сэргийлэх тусгай бодис шингээнэ. Зурагт хуудаст бичих үг өгүүлбэр, тоо тэмдгийг клубын гишүүдтэй зохицуулах ёстой. Шинэ баримт бичгээр шийтгэлийг бас тодорхойлжээ. Мөн дүрмийг зөрчсөн хөгжөөн дэмжигчийг билетий нь өртөгийг нөхөлгүй цэнгэлдэх хүрээлэнгээс гаргана. Ноцтой зөрчвөл спортын барилга байгууламжад очих эрхгүй болгоно. Онц хунд тохиолдолд хөгжөөн дэмжигчийг захиргааны буюу эрүүгийн хуриуцлагад татах юм. Хөгжөөн дэмжигчдийн гэрэлт зурагт самбарын талаар дүрэмд дэлгэрэнгүй өгүүлжээ. Оросын хөл бөмбөгийн холбооны хорооны гишүүд  цэнгэлдэх хүрээлэнд хориглосон ийм зураг гэрэлт  самбарын цэс зохиожээ. Дэлхийн ба европын хөл бөмбөгийн холбоодын зөвлөмжийг үндэслэсэн юм. Хөл бөмбөгийн тоглолтын үеэр олонтаа харагдах арьсны үзэлт, хэт даврагч агуулгатай уриа лоозонгийн тухай ярьж байна. Хөгжөөн дэмжигчид болон хөл бөмбөгийн клубуудын аюулгүй байдлын албад, тоглолтыг зохион байгуулагчид ба хууль сахиулах байгууллага гээд сонирхогч бүх талын төлөөлөгчид шинэ дүрмийг авч үзэж хэлэлцсэн юм. «Шинэ дүрэм аюулгүй байдал, хөл бөмбөгийн зар сурталчилгааны үүднээс тавих бүх шаардлагад нийцэж байна» гэж оросын хөл бөмбөгийн нэр дасгалжуулагч Анатолий Бышовец тэмдэглэн хэлээд: «Зөвхөн баримт бичиг зохих үр дүнд хүргэхгүй. Цэнгэлдэх хүрээлэнд ёс журмыг сахиж буй аюулгүй байдлын албад хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөн, клубын гишүүдтэй хамтран нөр их ажил хийх ёстой. Миний бодоход хөгжөөн дэмжигчидтэй хийх ажил соён гэгээрүүлэх шинжтэй байх ёстой. Хөл бөмбөгчид болон клубын удирдагчидтай хийх уулзалтууд мөн хөдөлгөөнд хөл бөмбөгийн мэдлэг, хөл бөмбөгчдийг хүндэтгэх явдал хамгийн гол нь соёлч боловсон байдлыг нэвтрүүлнэ» гэв. Оросын хөл бөмбөгийн холбооноос 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Орос улсад явагдахтай холбогдуулан хөгжөөн дэмжигчдийн сахилга батыг бэхжүүлэх замаар хэд хэдэн алхам хийснийг дурдая. Жишээ нь Оросын хөл бөмбөгийн холбоо хөгжөөн дэмжигчид нь арьсны үзлийг илрүүлсэн хөл бөмбөгийн клубад торгууль ногдуулах шийдвэр гаргав. Оросын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд ойрын үед өөрчлөлт гарна гэж хөл бөмбөгийн холбооноос батлан илэрхийлэв.