Ливид цэргийн ажиллагаа ерөнхийдөө дууссан. НАТО эвсэл түүнийг зогсоох шийдвэр гаргаж мэднэ гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Африкийн командлалын тэргүүн генерал Картер Хэм мэдээлжээ. Түүний хэлснээр бол ирэх долоо хоногийн шувтаргаар Брюссельд эвслийн төв байранд болох зөвлөлгөөн дээр америкийн цэргийн дарга нар Ливийн байдлыг дүгнэх юм. Каддафийг баривчлаагүй хийгээд түүний талынхан Сирт, Бани-Валидыг хяналтдаа байлгасаар байсан ч холбоотнууд Ливид цэргийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж болзошгүй. Цэргийн ажиллагаа Каддафийг хөнөөх биш ливийн ард түмнийг л хамгаалах зорилготой гэж АНУ болон НАТО эвслийн холбоотнууд нь удаа дараа онцлосныг генерал дурдав. Гэвч тагнуулын ба нисэгчгүй нисэх онгоцууд Ливийн дээгүүр нислэгээ түр зуур  үргэлжлүүлэхийг Хэм тэмдэглэв. Харин агаараас бөмбөгдөж буудах ажиллагааг зогсоох бололтой гэж генерал Картер Хэм онцложээ.