Египетэд эрх барьж байгаа Зэвсэгт хүчний дээд зөвлөл сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, онц байдлыг цуцлах боломжийг авч үзэхийг зөвшөөрсөн гэж Египетийн армийн жанжин штабын дарга Сами Аннан улс төрийн 17 намын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа мэдэгдэв. «Хувьсгалыг сэргээхийн төлөө» жагсаал Тахрир талбайд хийсний дараа египетийн цэргийнхэн улс төрийн хүчний төлөөлөгчидтэй уулзсан байна. Жагсагчид сонгуулийн тухай хуулийг ардчиллах болон засгийн эрхийг цэргийнхнээс иргэний удирдлагад шилжүүлэх тов тодорхой цаг хуваарь тогтоохыг шаарджээ. Хосни Мубаракын дэглэмийг түлхэн унагаснаас хойшхи египетийн парламентын анхны сонгууль 11-р сарын 28-нд эхлэж, хагас жил үргэлжлэнэ. Дараа нь Египетийн шинэ Үндсэн хуулийг батлаж, ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Урьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Хиллари Клинтон араб хэлээр нэвтрүүлэг явуулдаг «Аль-Хайят» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Египетийн зэвсэгт хүчний дээд зөвлөл амлалтаа биелүүлж, парламентын ба ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстойг мэдэгдсэн билээ.