Ливи улсын тэргүүн асан Муаммар Каддафи нуугдаж байж болох Сирт хотыг бүрэн бүсэллээ. ШҮЗ-ийн зэвсэгт отрядууд Сиртийн ойролцоох тэнгисийн зогсоол болон аэропортыг эзлэж хяналтаа тогтоож чадсан байна. Тус хот руу нэмэлт хүч татаж, танк болон галлагч төхөөргөөр буудаж, натогийн нисэх хүчин бөмбөгдсөөр байна. Ливийн одоогийн төр засагт эсэргүүцэл үзүүлж байгаа хоёр дахь түшиц газар бол Бани-Валид хот юм. НАТО-гийн тусламжтайгаар Жамахирийн тэргүүн асны талынхны сүүлчийн түшэц газруудыг эзлэж авна гэдэгтээ ШҮЗ-ийнхэн итгэлтэй байна. Ингэж чадахгүй бол улс оронд тайван амьдрал хэзээч тогтохгүй гэж ШҮЗ-ийн орлогч дарга Абдель Хафиз Гуга мэдэгдсэн байна. «Оросын дуу хроолой»  радиогийн сурвалжлагч Имад Туфайли түүнтэй ярилцсан юм.

   ШҮЗ Ливи улсын бараг бүх нутагт хяналтаа тогтоогоод байна. Тэнд энх тайван, тогтвортой байдал тогтов уу? Хотын бүх иргэд шинэ төр засгийг дэмжиж байна гэж үү?

   Чөлөөлсөн нутаг орны иргэд ШҮЗ-ийн төр засаг болон шилжилтийн энэ үед улс орныг чөлөөлөхөд түүний гүйцэтгэсэн үүргийг нэгэн саналтай дэмжиж байгаа юм. Шинэ төр засаг хууль ёсны гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Гүйцэтгэх засаглал ямар хэлбэртэй байх талаар өөр үзэл баримтлал байгаа, гэхдээ энэ бол сөргөлдөөн биш хэлэлцүүлэг юм. Сирт, Бани-Валид хотуудад фронтын зааг байсаар байна. Бид хилийн бүх шалган нэвтрүүлэх газруудад хяналтаа тогтоогоогүй байсан цагт манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Энэ бол бидний тэргүүн зэргийн зорилго юм.

   Ливийн шинэ засгийн газар хэзээ бүрэлдэх вэ?

   Бүх орон даяар хяналт тогтоох хүртэл ажиллах Гүйцэтгэх хороог ирэх долоо хоногт байгуулна гэж үзэж байгаа. Дараа нь шилжилтийн үе эхлэх ба энэ үед 8 сарын хугацаатай Шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах болно. Мөн ШҮЗ-ийн боловсруулсан шинэ үндсэн хуулийг нийтлэхээр төлөвлөөд байна.

  Өнөөдөр Ливи улс олон улсын тавцан дээр ямар байр суурь эзлэж байна вэ?

   ШҮЗ тэргүүтэй Ливи улс өнөөдөр НҮБ, Арабын улсуудын Лиг, Африкийн холбоо болон бусад бүс нутгийн болон олон улсын байгууллагуудад хууль ёсны байр сууриа эзлээд байна. Шинэчлэгдсэн улсыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

  Орос, ливийн харилцааны ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

  Орос орон бол бидний найрамдалт орон юм. ОУ ШҮЗ-ийг хүлээн зөвшөөрсөн ба манай орны хувьд байнга эерэг байр суурийг баримтладаг байсан юм. Ливи улсын талаарх НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхээ ОУ ашиглаагүй бөгөөд ингэснээрээ энгийн иргэдийг хамгаалах үйлсд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Орос улстай харилцаа улам бүр цэцэглэн хөгжих болно.

  ШҮЗ-ийн хамгийн хойшлуулашгүй  зорилго бол улс орноо сэргээн босгох явдал юм гэж Абдель Хафиз Гуга мэдэгдлээ. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд Каддафигийн битүүмжилсэн дансуудаас мөнгө гаргаж байгаа нь үнэхээр шудрага явдал мөн гэж үзэж байна.