Иран, Энэтхэг, Пакистан улсуудын хотууд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ч байдал тийм сайн биш байна. Агаарын чанарын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаагаас хүрээлэн байгаа орчин бохирдож, эрчим хүчний нөөцийн зардал ихсэж байна. Сүүлийн жилүүдэд азийн орнууд экологийн эрсдэлээр гутамшигт эхний байруудыг эзлэх боллоо. Энэ түгшүүртэй байдлыг экологчид, эмч нар  өөр өөрсдийн судалгаандаа харуулж байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд эрүүл мэндэд маш хортой хүчин зүйлийн нэг болох агаарын бохирдолтын байдалд анхаарлаа хандуулсан байна. Иран улсын баруун нутгийн Ахваз хот хамгийн муу доогур үзүүлэлттэй байна.10 микро метрийн голчтой хэсгийн жилийн дундаж концентрац нь нэг шоо метрт 372 микро грамм байсан байна. ДЭМБ-ын шаардлагын дагуу нэг шоо метрт 20 микро граммаас дээш байх ёсгүй юм. Ийм хэсгүүд нь хүний уушиганд орж, цусанд нэвтэрч зүрхний өвчин, уушигны хорт хавдар, багтраа, амьсгалын замын хурц үрэвсэл зэрэг өвчнүүдийг үүсгэнэ.

   Ази тивийн олон орны муу байдлын талаар ДЭМБ-ын шинжээчдийн илтгэлд дурьдсан байна. Ийм учраас л Ази тивд бусад улс орнуудаас илүү ард түмэндээ экологийн аюул заналын тухай мэдээлэл өгөх системийг дэлгэрүүлэх хэрэгтэй байна гэж Москва хот дахь НҮБ-ын Мэдээлэлийн төвийн удирдагч Александр Горелик «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Хэрвээ агаарт хар үүл нүүхгүй л байвал агаар цэвэрхэн байна гэж бодох хуурмаг бодлоосоо салцгаая. Хар үүл нүүж байгаа үед байдал биш байна гэдэг нь шууд харагдаж байна. Үүнээс гадна байдлыг засаж болох улс төрийн үр ашигтай арга хэмжээ зайлшгүй чухал байна. Хотын агаарын байдлын тухай байнгын мониторинг маш чухал байна» гэлээ.

    Ази тивийн улсуудын аж үйлдвэржилт түүхэн богино хугацаанд явагдсан юм. Одоогоос 30 жилийн өмнө Хятадын эдийн засгийн хүчин чадлын тухай, орчин үеийн аж үйлдвэрийн бүхий л салбарт Энэтхэг улс эрчимтэй үсрэлт хийнэ гэж хэн ч хэлж чадахгүй байсан. Хамгийн гол муу зүйл нь нийгмийн ухамсар эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэж чадахгүйд байгаа юм. Экологийн шаардлага нь эдийн засагтай харьцуулах юм бол хоёрдугаар зэрэгт тавигдаж байна гэсэн ухамсар азийн улс төрийн элитууд, жирийн ард түмний ухамсарт шингэсэн байдаг юм. Хүрээлэн байгаа орчны хамгаалалт нь баян орнуудын хийдэг ажил гэсэн ойлголт Азийн орнуудын хувьд уламжлал болсон байдаг. Нэг талаас энэ нь ч ойлгомжтой. Азийн орнууд байгаа нөөц баялагаа дайчилж асар богино хугацаанд улс төр, эдийн засгийн үндсэн асуудлуудаа шийдэхээр зорьж байсан юм. Ингэхдээ тэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах талаар ямарч үүрэг хүлээж байгаагүй юм. Олон улсын эдийн засгийн харилцааны системийн тэгш бус байдал, улс төрийн тогтворгүй байдал, ядуурал, хүн амын хэт өсөлт зэргээс болж хурц асуудлууд нэмэгдсээр байсан. Үндэстэн дамнасан “бохир” үйлдвэрлэлийг Ази тив рүү шилжүүлэхийг бодож байсан.

   ДЭМБ-ын сүүлчийн илтгэлд тусгасан Азийн улсуудын экологийн байдал эрс муудсан явдал эдийн засгийн өсөлтийн хурдыг бүхнээс дээгүүр тавьсантай шууд холбоотой юм. Хүрээлэн байгаа орчныг хамгаалахад их хэмжээний хөрөнгө мөнгө гаргана гэдэг нь хүнд дарамт юм. Экологийн хэм хэмжээг Америк, Европын түвшинд хүргэвэл азийн барааны өрсөлдөх чадварыг аюулд учруулна. Экологийн санал зөрөлдөөнийг арилгахын тулд улс орны одоогийн  хөгжлийн стратегийг дахин харж үзэх хэрэгтэй болно. Энэ ажил нэг хоёр жилд хийчих ажил биш. Ази тив  дээгүүр хөшиглөсөн утаан үүл тийм ч хурдан нимгэрэхгүй бололтой.