Сирийн талаарх НҮБ-ын тогтоолын шинэ төслийг Европын орнууд санал болголоо гэж Би-би-си мэдээллээ. Их Британ, Франц, Португал улсууд бэлтгэж, АНУ-ын дэмжсэн шинэ төсөлд ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авхыг шаардаагүй бөгөөд хэрвээ сөрөг хүчний эсрэг хүчирхийлэлээ үргэлжлүүлэх юм бол хориг арга хэмжээг авна гэж заасан байна. Хориг арга хэмжээг зөвшөөрөхгүй байгаа Хятад, Орос улсуудын дэмжлэгийг авахын тулд тогтоолын ийм зөөлөн хэлбэрийг сонгосон бололтой. Өнгөрсөн сард европын орнууд Сири улсын ерөнхийлөгч Асад, түүний гэр бүл ойрын тойрон хүрээлэгчдийн талаар хориг арга хэмжээ авах төслийг санал болгож байсан юм. Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авах ямар ч тогтоолд хориг тавина гэж Орос, Хятад улсууд анхааруулсан билээ.