ОУ-д болсон сүүлийн үеийн улс төрийн үйл явдалын өрнөл тус улсын бие даасан зээлийн рейтингд нөлөөлөхгүй. Өчигдөр Стандарт энд Пуурс /S&P/ олон улсын рейтингийн агентлаг ийм мэдээлэл тараасан байна. Ойрын үед оросын эдийн засгийн болон улсын санхүүгийн бодлогод өөрчлөлт орохгүй гэж шинжээчид үзэж байна. Валютын дэлхийн өөрчлөлт гарч байгаа ч гэсэн рубль нилээд бэхжээд байна. Одоогийн байдлаар ОУ гадаадын валютын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын “ВВВ” удаан хугацааны рейтингээр S&P агентлагын “тогтвортой” гэсэн үнэлгээтэй байгаа юм.Мөн үндэсний валютын өмнө хүлээсэн “ВВВ+” удаан хугацааны рейтингээр  “тогтвортой” гэсэн үнэлгээтэй байгаа юм. Ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон, 12-р сарын парламентын сонгуулийн өмнөх эрх баригч “Нэгдсэн ОУ” намын нэрсийн жагсаалтыг ерөнхийлөгч Д.Медведев тэргүүлэх болсон явдал, сангийн  сайд асан Алексей Кудриныг огцруулсан явдал аль аль нь тус улсын байр суурийг огтхон ч ганхуулсангүй. ОУ-ын эдийн засгийн чиг баримжаа өөрчлөгдөнө гэсэн ямар ч үндэслэл шинжээчдэд байхгүй гэж “Норд-Вест-Капитал” компанийн шинжээч Андрей Кабанов үзэж байна. «Улс төрийн үнэлгээний үндэслэлээс болж  S&P агентлаг рейтингээ өөрчилдөг тийм муу дадал заншил байхгүй. Харин Фитч ийм зүйлд орооцолддог юм. S&P агентлаг үүнд маш консерватив байдлаар ханддаг, заримдаа рейтингээ өөрчлөх явдлаа ч хоцроодог юм. Түүнээс гадна Кудриныг огцруулсан явдлаас болж төсвийн сахилга бат  тэгтлээ алдагдахгүй. Тиймээ Кудрин дэлхийн шилдэг санхүүчээр 3 удаа шалгарсан юм. Тэглээ ч гэсэн түүний мэдэгдлээс болж зах зээл тэгтлээ сандралд орсонгүй» гэж Андрей Кабанов  хэллээ.

   Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Алексей Кудрины орлогчдын нэг Антон Силуанов ажиллах нь одоогийн байдлаар тодорхой болоод байна. Тэгэхдээ  энэ нь түр зуурын шийдвэр юм. Урсгал ажлыг маш сайн мэддэг мэргэжилтнийг одоо сонгож авлаа гэхэд тэр шинэ засгийн газарт ажиллах нь юу л бол гэж Аж үйлдвэрлэлээс хойшхи нийгмийн төвийн тэргүүн, эдийн засагч Владислав Иноземцев тэмдэглээд «Энэ хүнд үед Сангийн яамны сайдын суудал гэдэг бол улс төрийн, олон нийтэд байнга үзэгдэж байх тийм суудал юм. Харин Кудрин сангийн яамны сайдаас гадна дэд ерөнхий сайд байсан юм. Сангийн яамны орлогч сайд нараас хэн нь ч энэ өндөр албан тушаалыг горилж чадахгүй юм. Ийм албан тушаалд нилээн нэр хүндтэй хүнийг тавьдаг юм. Зөвхөн Сангийн яаманд маш сайн, мэргэшилтэй ажиллаж байсан гэсэн албаны тодорхойлолттой биш олон нийттэй харьцаж сурсан ихээхэн туршлагатай хүн байх ёстой» гэлээ.Харин энэ долоо хоногт Фитч олон улсын рейтингийн агентлаг Москвагийн  гадаадын валютын болон үндэсний валютын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын “ВВВ” рейтингийг “нааштай” гэж үнэлсэн байна. ОУ-ын бие даасан рейтингийн талаар ч Фитчийн шинжээчид урьд нь яг ижил үнэлгээ хийж байсан билээ. Харин валютын байдлын талаар гэх юм бол даваа гаригт унаж байснаа мягмар гаригт доллар, евротой харьцах рублийн ханш бэхжсэн байна. Москвагийн банк хоорондын валютын биржийн индексээр оросын хувьцааны зах зээл 1380 пунктээр нэмэгдсэн байна. Сангийн яамны сайд Алексей Кудриныг огцоруулснаас болж худалдааны талбаруудын байдал өөрчлөгдсөнгүй гэж шинжээчид тэмдэглэж байна.