Одоо Сангийн яамны орлогч сайд хийж байгаа Антон Силуановыг ОХУ-ын Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Силуанов Антон Германович 1963 оны 4-р сарын 12-нд Москва хотод төрсөн байна. 1985 онд Москвагийн санхүүгийн дээд сургуулийг "санхүү ба зээл" гэсэн мэргэжлээр төгсчээ. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, герман хэлтэй, армид алба хаасан. Дээд сургуулиа дүүргэсний дараа Сангийн яаманд ажилласан ба тэргүүлэх эдийн засагч, төсвийн департментийн удирдагчийн орлогч, 2003 оноос банкны үйл ажиллагаа ба макро эдийн засгийн бодлогын департаментийн удирдагчаар тус тус ажиллаж байсан байна. 2003 онд сангийн яамны орлогч сайдаар томилогдсон  ба 2004-2005 оныг дуустал Төсөв хоорондын харилцааны департаментын захирлаар ажилласан байна. 2005 оны 12-р сараас өнөөг хүртэл сангийн яамны орлогч сайдаар ажиллаж байжээ. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев саяхан Сангийн яамны сайд Алексей Кудриныг огцруулах турай зарлигт гарын үсэг зурсан юм. Дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд цэргийн зардлыг нэмэгдүүлж байгаатай санал нийлэхгүй байна гэж Вашигтонд хэлснээс болж ийм хатуу шийдвэр гаргахад хүрсэн байна. Тэрээр мөн тэтгэврийн шинэчлэл явуулж байгаатай санал нийлэхгүй байгаа юм байна. Шинэ засгийн газарт өөрийгөө байхгүй гэж бодож байна, тэгэхдээ "шинэчлэл явуулахад тохирох" ямарч албан тушаалд ажиллахад бэлэн байна гэж Кудрин хэлсэн байна. Москвад болсон "Нэгдсэн ОУ" намын их хурал дээр одоогийн ерөнхий сайд В.Путин 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх, ерөнхийлөгч Д.Медведев намын сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалтыг тэргүүлэх, сонгуульд ялсан тохиолдолд засгийн газрын ажилд шилжинэ гэсэн мэдээлэл Кудриныг ийм ил тод мэдэгдэлд хийхэд хүргэсэн бололтой. Кудрины мэдэгдэлд ерөнхийлөгч даваа гаригийн өглөө л хариу өглөө. Вашигтонд Кудрины хийсэн мэдэгдлийг ерөнхийлөгч ёс суртахуунгүй мэдэгдэл гэж нэрлэсэн байна. "Шинэ засгийн газар байхгүй, түүнд орох урилгыг хэнд тараагүй. Ерөнхийлөгчид тайлагнадаг хуучин засгийн газар л байна гэж" Д.Медведев санууллаа. Хэрвээ ерөнхийлөгчийн эдийн засгийн чиг баримжаатай санал нийлэхгүй байгаа бол огцрох өргөдлөө өгчих гэж ерөнхийлөгч Сангийн яамны сайдад санал болгосон билээ.