Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ. Цэргийн зардлыг нэмэгдүүлэх асуудлаар санал зөрсөн гэж засгийн газрын гишүүн, сангийн сайд мэдэгдсэн байна. Тэрээр тэтгэврийн шинэтгэлийн явцыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй. Харин шинэтгэлд туслах ямар ч албан тушаал хашихад бэлэн байна гэж Кудрин үгийнхээ төгсгөлд тэмдэглэжээ. Москвад чуулан хуралдсан эрх баригч «Нэгдсэн ОУ» улс төрийн  намын их хурлаас ирсэн мэдээлэл, сайд ийм  мэдэгдэлийг шууд хийх шалтгаан болсон. Их хурлаас өнөөгийн ерөнхий сайд Владимир Путин  2012 оны сонгуульд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших, ерөнхийлөгч Медведев намын сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалтыг тэргүүлж, нам сонгуульд ялвал засгийн газарт шилжин ажиллах тухай шийдвэр гаргав. Ерөнхийлөгч өчигдөр Кудрины мэдэгдлийг тайлбарлаж, санаа бодлоо илэрхийлэв.  Дмитрий Медведев  Ижил мөрний Димитровград  хотноо шинэтгэлийн асуудал эрхлэсэн комиссын хуралдаан дээр засгийн газрын гишүүдийн сахилгад анхаарлыг хандуулав. Вашингтонд Кудрины хийсэн мэдэгдлийг ерөнхийлөгч  ор үндэсгүй зохимжгүй хэмээн нэрлэв. Медведев сангийн сайд ерөнхийлөгчийн эдийн засгийн чиг бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол огцрох  өргөдөл бичихийг шууд санал болгов.

    Мэдээжээр улс төрчид ба шинжээчид сангийн сайдыг огцруулсан тухай шуугиант мэдээллийг янз бүрээр өргөн тайлбарлаж байна. Кудриныг огцруулсан явдал зах зээлийг донсолгохгүй гэж Улсын думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхлэсэн хорооны гишүүн Анатолий Аксаков үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Төсөв ба татварын бодлого  санхүүгийн төдийгүй хөгжүүлэх, эдийн  засгийг урамшуулан дэмжих үүрэг гүйцэтгэх ёстой. Урамшуулах үүрэг Кудрины бодлогод үгүй байсан. Миний бодоход эхлээд  нэр хүндтэй зүтгэлтэн огцорсон явдал зах зээлд  зохисгүй нөлөө үзүүлнэ.Гэвч зах зээлийн байдлыг хувь хүн биш харин эдийн засгийн обьектив жам ёс тодорхойлдог» гэв.

     Алексей Кудриныг 2000 оны 5-р сард Владимир Путины зарлигаар сангийн сайдаар томилсон билээ. Тэрээр 2000-2004 онд, 2007-2011 онд  сангийн яамны тэргүүн, оросын засгийн газрын гишүүний алба хашиж  байсан. Кудрин эдийн засгийн либерал шинэтгэлийн төлөө байна. Тэрээр Оросын сангийн яамны тэргүүн байсан үед өргөн цар хүрээтэй татварын шинэтгэл явуулж, дотоодын офшор бүсийг арилгаж, төсвийн шинэтгэл хийж, Тотгтворжуулах санг байгуулж, гадаадад тавьсан төрийн өрийг хорогдуулсан юм. Кудриныг огцруулснаар оросын эдийн засгийн бодлогод эрс эргэлт гарах эсэх?  гэж Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Евгений Ясин үзэж байна. «Түүнийг залгамжлагчид бодлогыг их өөрчлөлгүй, мөнгө хөрөнгө үрэн таран хийхгүй бол эдийн засгийн байдал тогтвортой хэвээр байж донслохгүй. Ядаж жил, жил хагас, хоёр жил тийм байх болно. Гэвч эдийн засгийн бодлогыг хянан үзэхтэй холбоотой стратегийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй» гэж Евгений Ясин хэллээ.  

   Сангийн сайд асан Алексей Кудриныг хэн орлох вэ? Одоо эл асуудал  сэтгүүлч, улс төр судлаач, бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд байна. Арваад нэр дэвшэгчийг дурдаад байна. Гэвч чухам хэн сангийн шинэ сайд болох нь тодроогүй. Нэр дэвшэгчдийн нэрсийн жагсаалтаас  харахад зохих зүтгэлтнийг олох нь дамжиггүй  гэж «Хөгжлийн төв»-ийн тэргүүлэх эдийн засагч Валерий Миронов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Мэргэшилтэй олон нэр дэвшигч байгаа. Гэвч мэргэшилтэй төдийгүй нэр хүндтэй, дээд удирдагатай нягт харилцаатай хүн сайд болох ёстой. Төсвийн хөрөнгө хуваарьлах үед сангийн сайдад хүчит шахалт үзүүлдэг. Иймээс  шинэ сайд тодорхой байр суурь,чадвартай  байх ёстой» гэв.Одоогийн сангийн яам бол яв цав ажиллаж байгаа машин гэж сангийн бүлгийнхний олон төлөөлөгч үзэж байна. Олны мэдэх хүн л сангийн сайдын алба хаших ёстой гэж үзэж болохгүй. Иймээс шилжилтийн үеийн сангийн сайдыг томилох нь амар хэрэг гэж шинжээчид ярьцгааж байна. Алексей Кудрины орлогчдоос хэн нэгэн нь  түр хугацаанд сайд болж мэднэ гэж үзэж байна.