Орос улс алс хол сансарт буцаж байна. Энэ оны сүүлээр мөн чиглэлээр чухал алхам хийнэ. Ангариг гарагийн хиймэл дагуулаас хөрсний дээж дэлхийд шилжүүлэх «Фобос-Херс» гариг хоорондын автомат станцыг хөөргөх юм. Энэ оны 11-р сард «Зенит» зөөгч пуужингаар түүнийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөнө. Сансрын аппарат  Ангариг гарагад 11 сарын дотор хүрэх ёстой. Тус аппарат Ангариг гарагийг алсаас хэд хэдэн сар судлаж, Фобос хиймэл дагуулыг түүн дээр буулгах газрыг шилэж авна. Дараа нь буулгах аппарат  Фобосын гадрага дээр бууж, хөрсний дээжийг авч дэлхийд хүргэнэ. Эрдэмтэд үүний тусламжтайгаар Нарны системийн үйл явцыг илүү сайн мэдэх бодолтой байна.

      Оросын ба гадаадын түүнчлэн хамтран үйлдвэрлэсэн эрдэм шинжилгээний цоо шинэ  багажуудаар станцыг тоногложээ. Ангариг гарагийн агаар мандал дахь метан хийг судлах орос-францын багаж тэдгээрийн дотор байна. «Фобостой» хамт хөөргөх хятадын «Инхо» хиймэл дагуул  Ангариг гарагийн тойрог замд гариг хоорондын станцаас салж, түүний соронзон талбарыг судлаж эхлэнэ. Хөтөлбөр маш хүнд түвэгтэй байна гэж Оросын сансрын агентлагийн дэд дарга Виталий Давыдов онцлоод «Бид үйл ажиллагаа амжилттай болоход бүрэн итгэхийн тулд «Фобос» станцын хөөрөлтийг тухайн үед хойшлуулсан. Зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Нэмэлт ажил хийж ажлыг илүү найдвартай болгов. Одоо сансрын хөлгийн буудал дээр аппаратыг бэлэн байдалд оруулах хугацааг хойшлуулах шалтгаан алга. Тусгай бүлэг «Фобос-Хөрс» станцтай холбоотой  бүх ажлыг хянан ажиглаж байна. Оросын сансрын агентлагийн удирдагч  тус төслийг хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл бүлгийн удирдагчаас долоо хоног дутам авч байна. Төслийг бүрэн төгс хэрэгжүүлнэ. «Фобос»-той хамт хөөргөж тойрог замд гаргах хятадын багаж үүргээ биелүүлнэ гэж бид найдаж байна. Энэ нь эрсдэлтэй чухал ажил» гэлээ.

      Барагцаалбал 2017 онд хэрэгжүүлэж эхлэх «Ангариг гараг-Нэт» төсөл «Фобос-Хөрс»-ийг үргэлжлүүлнэ. Цаашдаа дэлхийд ойрхон орших Сарнаас Ангариг гараг руу станц,аппаратыг явуулах бололтой гэж «Эрчим хүч» пуужин-сансрын нэгдлийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч сансрын нисэгч Владимир Соловьёв хэлээд «Дэлхий орчмын тойрог замд зохих баазыг байгуулах хэрэгтэй. Том блокыг пуужингаар түүнд хүргэж болно. Дараа нь угсарч шалгана.Хожим багийн гишүүд баазад очиж  тойрог замд усрасан сансрын хөлгийг турших юм. Энэ багийн гишүүд Сар, жижиг гариг руу ниснэ. Алс хол гариг буюу Сар луу нислэг хийхийн өмнө Сар орчмын холбооны автомат хиймэл дагуулыг бүтээх хэрэгтэй» гэв. Ангариг гарагийг судлах зөвлөлтийн сүүлчийн төслийг бүр 1987 онд хэрэгжүүлж эхлэсэн билээ. Гэвч сансрын аппараттай холбоо тасрасан учир бүрэн хэрэгжүүлж амжсангүй. Түүнээс хойш бараг 25 жил өнгөрсөн өнөө үед оросын гариг хоорондын  шинэ станц Орос улсыг алс хол сансарт буцаах гэж байна. Мэргэжилтнүүд «Фобос-Хөрс» төслийг хэрэжүүлж, цаашид Ангариг гарагийг судлах  үндсэн технологийг турших юм.