Оросын эрдэмтэн Григорий Перельманы нэг сая долларын шагнал шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Францын Пуанкаре хүрээлэнд энэ хөрөнгөөр залуу математикчдэд тусгай алба байгуулна. Оросын эрдэмтэн Григорий Перельман Пуанкаре таамаглалыг нотлосноороо төдийгүй ер бус зангаараа дэлхий даяар алдаршав. 2006 онд тэрээр дэлхийн математикийн дээд шагнал - Филдсийн медалийг хүлээж авахаас татгалзав. Мөн өнгөрсөн оны 3-р сард суут эрдэмтэн америкийн Клэйн математикийн хүрээлэнгээс олгосон  Мянганы 1 сая долларын шагналыг ч  авахаас татгалзжээ. Энэ оны 5-р сард шагналын асуудал ахин тавигдав. Перельманы ээж хүндээр өвчилсөн учир яаралтай их үнэтэй мэс засал хийлгэх шаардлага гарсан. Гэвч математикийн зөвлөлөөс бусад эрдэмтдийг урамшуулахаар явуулсан хөрөнгийг буцаах аргагүй байв. Ээжид нь улсын зардлаар мэс засал хийжээ. Шагналын мөнгийг шинжлэх ухааны зорилгоор ашигласан байна. Клэйн хүрээлэнгийн өнөөгийн шийдвэр их шинжлэх ухааны замд дөнгөж шилжсэн бусад математикчдийг дэмжих боломж олгоно гэж Оросын ШУА-ийн В.Стекловын нэрэмжит Математикийн хүрээлэнгийн Санкт-Петербургийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Максим Всемирнов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Клэйн хүрээлэнгийн үйл ажиллагаа Мянганы шагнал олгосноор хязгаарлагдахгүй. Хүрээлэн залуу эрдэмтдийг дэмжих өөрийн гэсэн хөтөлбөртэй. Эдүгээ энэ ажил өргөжиж, залуучуудад шинэ нэмэлт тэтгэлэг өгөх боломж бий болсон» гэв.

    Америкийн математикчид  францийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж буй залуучуудад зориулсан тусгай алба байгууллаа. Энэ албыг горилогч эрдэмтэд Парисын Пуанкаре хүрээлэнд хагас жилээс 1 жил хүртэл хугацаанд ажиллана. Энэ орон тоог Пуанкаре таамаглалыг батлахын төлөө  шагналын сангийн хөрөнгөөр таван жилийн турш санхүүжүүлнэ. Клэйн хүрээлэнгээс мэдээлснээр хожим шинэ алба зэрэг горилогчдыг  шалгаруулах тухай зарлана. Залуу авьяаслаг математикчдийн эрдэм шинжилгээний ажилыг дэмжих зорилгоор энэ орон тоог нээх юм. Дашрамд хэлэхэд 1993-1995 онд Калифорнийн Миллерийн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний ажил хийх боломж Григорий Перельманд олгосон билээ. Гэвч олон залуу эрдэмтэн анхны буурьтай үр дүндээ хүрсэн ч эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болдог гэж  Максим Всемирнов хэлээд «Ямар нэг их сургуульд байнгын ажил олоход хэцүү. Дээрх тэтгэлэг эрдэм шинжилгээний ажиллагаагаа шинэ үр дүнд хүргэж, ШУ-ны хүрээнд залуучуудын байр суурийг бэхжүүлэх боломж олгоно» гэв. В. Стекловын нэрэмжит Математикийн хүрээлэнгийн Санкт-Петербургийн салбарын ажилтнууд энэ оны 9-р сард Григорий Перельманыг Оросын ШУА-ийн академичид нэрийг нь дэвшүүлэв. 12-р сард санал хураана. Суут эрдэмтэн энэ талаар ямар  бодолтой байгааг хэн ч одоогоор мэдэхгүй байна.