Палестин улсыг Иерусалим нийслэлтэй 1967 оны хилээр нь НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэхийг хүссэн өргөдлөө Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өчигдөр өргөн барилаа. “Би НҮБ-ын ЕА дээр үг хэлэхийнхээ өмнө Палестины ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны даргын хувиар 1967 оны 6-р сарын 4-ний үеийн хилтэй Аль-Кудсе  буюу Иерусалим нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун танд өргөн барьж байна гэж” Аббас хэлсэн байна. Палестиныг тус байгууллагад бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийн төлөө саналаа өгөхийг АЗ-ийн гишүүдэд тэрээр уриаллаа. ЕА-д оролцож байгаа гишүүдийн ихэнх нь түүнийг дэмжиж алга нижигнүүлэн ташиж байсан тул Аббас үгээ эхлэж чадахгүй хэдэн минут болсон юм. Палестины тэргүүн үг хэлж эхлэхэд Израилийн ГХЯ-ны сайд Авигдор Либерман хуралдааны танхимыг орхин гарлаа. Израиль улстай хэлэлцээрийн замаар энэ асуудлыг шийдхийг Палестин хүсэж байсан ч гэлээ тус улс яриа хэлэлцээг байнга тасалдуулж байсан гэж Аббас ярилаа. Палестины эзлэгдсэн нутагт жүүдүүдийн орон сууц барих ажлаа Израиль улс зогсоохыг хүсэхгүй байсан нь гол саад тотгор байсан гэж палестины тэргүүн үзэж байна. “Суурин газар барих бодлого нь АЗ-ийн шийдвэрийг шууд зөрчсөн хэрэг байсан ба шууд хэлэлцээрийг тасалдуулах үндсэн шалтгаан нь болж байсан гэж” тэр тэмдэглэсэн байна. Өөрийгөө тодорхойлох эрхийг палестинчуудад өгөх цаг нь болсон гэж тэр тэмдэглэлээ. Тэр өдөр л АЗ-ийн дарга, Ливан улсын байнгын төлөөлөгч Наваф Салям Палестины өргөдлийг хүлээж авлаа гэж мэдэгдсэн байна. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэнэ гэж тэр хэлсэн байна.