Оросын парламентад олонхийн суудалтай эрх баригч “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх их хурал өнөөдөр Москвад нээгдлээ. 12-р сарын 4-нд болох парламентын сонгуультай холбогдуулж Төрийн Думын депутатад тус намаас нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 12-р их хурлын төлөөлөгчид батлах ёстой. Нэрсийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?, “Нэгдсэн ОУ” намаас ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг зарлах болов уу? гэсэн асуултууд энэ их хурлын гол нууц нь болоод байна. Намын нэрсийн жагсаалтыг намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин тэргүүлэх эсэхийг “нэгдсэн оросуудын” хэн нь ч баталсангүй. Намын үүрэг гүйцэтгэгчид зөвхөн ийм юм болох байх гэж л найдаж байна. Их хурал 9-р сарын 23-24-нд 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр намын сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөр болон  Ардын хөтөлбөрийг хэлэлцэж батлах болно. Харин хоёр дахь өдөр төлөөлөгчид сонгуулийн нэрсийн жагсаалтыг батлах болно. Ерөнхий сайд, тус намын тэргүүн Владимир Путин өнөө маргааш болох их хурлын ажиллагаанд оролцоно гэдэгт “нэгдсэн оросууд” найдаж байна. Хурлын төлөөлөгчид болон зочдын өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 24-нд үг хэлнэ. 9-р сарын 25-ны ням гаригт болох засгийн газрын гишүүд оролцсон медиа форумоор тус их хурал ажлаа өндөрлөнө. Тандем буюу Медведев, Путин хоёроос хэн нь ерөнхийлөгчид нэр дэвших вэ? гэсэн гол асуудлыг энэ их хурал шийдэхгүй гэж намын эх сурвалж “Ведмости” сонинд мэдээлсэн байна. Цаг нь болоогүй байна гэж намынхан тайлбарлажээ. Иймээс  их хурал 4 жилийн өмнөх шигээ хоёр үе шаттай явагдах болно. Бямба гаригийн үдээс хойш хурлын дарга Борис Грызлов эхний шат дуусаныг зарлах ба 2-р шат 12-р сард болох юм. Харин тэр үед л тус намаас ерөнхийлөгчид нэр дэвших хүний нэрийг зарлах юм. “Нэгдсэн ОУ” нам нь барууны төвийг сахисан социал-консерватив нам юм. Тус нам нь ОУ-ын хамгийн том нам билээ. 2003 оны сонгуулийн дүнгээр “Нэгдсэн ОУ” нам Төрийн Думд парламентийн олонх болж байсан бол 2007 онд үндсэн хуульт олонхи болсон билээ.