Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын дээд элитийн төлөөлөгчдийн нэг тажик гаралтай ерөнхийлөгч асан Бурхануддин Раббаниг харгис хэрцгийгээр амь насы нь хороолоо. Энэ улс төрч Энх тайвны дээд зөвлөлийг удирдаж байсан ба “Талибан” хөдөлгөөнийхэнтэй хйих энхийн хэлэлцээрийг хариуцаж байсан юм. Раббанигийн амь насанд халдах ажиллагааг түүний кабулд байдаг гэрт нь маш нарийн тооцоолж харгис хэрцгийгээр үйлдсэн байна. Түүний сайн мэдэж, итгэж байсан тэр хүмүүс түүнийг хороолоо. Тэд бол “Талибан”-ын хамгийн итгэлтэй элч нар Мохаммад Масум, Вахид Яр нар байсан юм. Раббани тэдэнтэй аль эртнээс хэлэлцээр хийж байсан ба тэдний энэ муухай санааг сэжиглэх шижим уул нь байсан байна. Раббанийн аллага, түүний хамтран зүтгэгч мөн тажик гаралтай Ахмад Шах Масудыг устгасантай яг адилхан схемээр явагдсан байна. 2001 оны 9-р сарын 9-нд Хойд эвслийн цэргийн ерөнхий командлагч Масудтай уулзах гэж хоёр талиб ирсэн бөгөөд нуусан бөмбөгөө дэлбэлж түүний амь насыг хороосон юм. Тэд өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн ба бөмбөгөө камертаа нуусан байжээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрынх нь хувьд Хойд эвслийг ОУ идэвхитэй дэмжиж тусламж үзүүлж байсан юм. Масудын цэргүүд улс орныхоо нутаг дэвсгэрийг талибуудаас чөлөөлж байсан юм. Олонхи хүмүүс түүний аллаганд америкийн оролцоо байгаа гэж үзэж байгаа юм. Москватай хамтран ажиллаж байгаа Хойд эвсэл Вашингтонд таалагдахгүй байсан билээ. Хамгийн гол нь энэ аллага Нью-Йоркын ихэр хоёр цамхагыг дэлбэлэхээс хоёр хоногийн өмнө болсон юм.

    Раббанигийн аллагын хариуцлагыг өөртөө хүлээсэн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид энэ аллагад аажмаар бэлтгэсэн гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч асны болон түүний хүрээнийхний итгэлийг олж авах нь тэдний гол зорилго байсан байна. Энэ бол сүүлчийн аллага биш энэ бүлэг ийм түвшингийн хүмүүсийг цаашид ч устгах болно гэж талибууд мэдэгдсэн байна. Раббаниг хороохоос өмнө талибууд өндөр тушаалын хэд хэдэн түшмэдүүдийг алж хороосон юм. Кундуз мужийн захирагч Мухаммед Омар, кундузийн цагдаагийн газрын дарга Абдул Рахман Сайедхели, Хойд Афганистаны цагдаагийн газрын тэргүүн Дауд Дауд, одоогийн ерөнхийлөгчийн Хамид Карзайн төрсөн дүү зэрэг хүмүүсийг тэд алж хороосон билээ. Энэ бол “талибан”-уудын төлөвлөгөөтэйгээр алж устгаж байгаа хүмүүсийн бүрэн нэрсийн жагсаалт бишээ.Харин Раббаниг хороосон явдал нилээн их хор уршигтай байж мэднэ. Афганистанд дахиад цус урсгасан иргэний дайн эхлэж магадгүй. Талибуудтай хийж байгаа хэлэлцээр бүрмөсөн сүйрлээ гэж тус улсад олон хүн үзэж байна. Раббанитай цуг талибуудын эсрэг байлдаж явсан түүний хамтран зүтгэгч Амрулла Салех, “талиб”-уудтай хийх ямарч хэлэлцээ энх тайванд хүргэхгүй гэж мэдэгдлээ. Тэгэхдээ аядуу үзэлтэй талибуудтай хийх хэлэлцээрийн тактик хадгалагдан үлдсэн гэж Раббанигийн талын олон хүн үзэж байна. Энх тайвны дээд зөвлөлийн зөвлөхүүдийн нэг Сидика Балхи «Оросын дуу хоолой» радиод ярихдаа: «Раббанигийн амь насыг хороосон явдал Энх тайвны дээд зөвлөлийн болон Афганистан улсын хувьд асар том гарз хохирол билээ. Түүний үхэл хэнд хэрэгтэй байсан талаар одоо тодорхой зүйл ярьхад эрт байна. Тэднээс их зүйл хамаардаг тийм хүмүүсийг алж хороох явдал манай улсад харамсалтай нь жирийн үзэгдэл болжээ. Бид хэзээч бууж өгөхгүй. Раббанигийн үед эхлэсэн Энх тайвны зөвлөлийн ажлыг үргэлжлүүлж хэлэлцээрийн замаар улс орны бүх асуудлыг шийдэх арга замыг урьдын адил эрж хайх болно. Тэр тусмаа зэвсэгт сөргөлдөөнөө зогсоохыг хүсэж байгаа талибуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлэх болно» гэлээ.

   Раббаниг үл эвлэрэгч талибууд л хороосон. Харамсалтай нь ийм талибууд олонхи байна. Тэдний зорилго нь ард түмнийг айлган сүрдүүлэх, төр засагтай энхийн хэлэлцээр хийж байгаа аядуу нөхдөө зайлуулахад оршиж байна гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн орлогч захирал Вячеслав Белокриницкий үзэж байна. «Энэ нь хэлэлцээрийн зорилгод өгч байгаа цохилт юм. Раббани бол энэ процесст бие даан шийдвэр гаргах тэр хүн нь байгаагүй юм. Түүнийг ерөнхийлөгч Карзай энэ албан тушаалд томилсон юм. Энэ нь Карзайн засгийн газар болон цэргээ гаргах байсан АНУ-ын төлөвлөгөөнд өгч байгаа цохилт юм гэж Вячеслав Белокриницкий ярилаа.Раббанигийн үйл ажиллагааг янз бүрээр үнэлэж болно. Бурханы шавь-профессор 80-аад оны үед 20 мянган хүнийг толгойлж зөвлөлтийн цэргийн эсрэг байлдаж явсан юм. Хөдөлгөөнийг нь байгуулахад АНУ багагүй тусламж үзүүлсэн талибуудын эсрэг тэрээр байлдаж эхэлсэн юм. Афганистаны ард түмний хувь заяа Раббанид шууд хамаатай байсан болохоор тэр энх тайвныг тогтоохын тулд талибуудтай хэл амаа ололцохыг оролдож байсан юм.