Тус улсын ерөнхийлөгч асан Бурханнуддин Раббаниг хэрхэн устгасан тухай афганы талибууд маш тодорхой ярилаа. Талибуудын толгойлогч Забинуллагийн ярьснаар тэд улс төрчийг хуурч мэхлэн өөрийн занганд оруулж чадсан байна. Алан хядах энэ байгууллагын гишүүн Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө түүнийг хороохын тулд бүхэл бүтэн бүлэг байгуулсан гэжээ. Афганистанд дайныг зогсоохын тулд Раббанитэй хэлэлцээр хийх хэрэгтэй байна гэж түүнийг хуурсан байна. Харин тэдний жинхэнэ зорилго нь ерөнхийлөгч асныг устгахад оршиж байсан байна. “Раббани манай төлөөлөгчид дөхөж ирээд түүнийг тэврэх гэхэд нь тэрээр биендээ нуусан бөмбөгөө дэлбэлж ерөнхийлөгч асныг болон түүний 4 бие хамгаалагчийг алсан гэж” Забинулла мэдэгджээ. Түүний хэлснээр “хэлэлцээрт оролцогч” хоёр этгээд урьд нь Раббанитэй уулзаж байсан учраас ерөнхийлөгч асан тэдэнд итгэж байсан байна. Өөрсдийн улс төрийн өрсөлдөгчдийг байнга устгах болно гэж талибууд мэдэгдэж байна. Урьд нь тэд одоогийн ерөнхийлөгч Хамид Карзайн дүү болон кабулын төр засгийг дэмжиж байсан хээрийн захирагч Дауда Дауда нарийг устгасан билээ. Раббани Афганистан улсыг 1992-2001 он хүртэл удирдаж байсан юм. 1996 онд талибууд Кабулыг эзлэн түрэмгийлсний дараа түүнийг засгийн эрхээс зайлуулсан билээ.