Пхеньян, Сөүл хоёр  цэргийн салбарт сөргөлдөх биш  хэлэлцээ хийх замаар л харилцах бодолтой байна. БНАСАУ, БН Солонгос улсын дээгүүр тушаалтай дипломат ажилтан Ли Ен Хо, Ви Сон Рак нар маргааш Бээжинд уулзана.Оросын шинжээчид мөн уулзалтын талаар нэлээд өөдрөг сэтгэгдэлтэй байна. Умард,Өмнөд Солонгосын хоорондын харилцаа түгшүүртэй байгаа хийгээд хоёр улс бие биеэдээ итгэхгүй байгаагаас  үзвэл уулзалт хүнд түвэгтэй болно гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос,Монгол улсуудыг судлах төвийн захирал Александр Воронцов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Харин хэлэлцээ маш нааштай алхам гэж шинжээч үзэж байна. «Солонгос дундын зөвлөлгөөн Бээжинд эхлэх тухай мэдээлэл найдвар төрүүлсэн. Уулзалт Солонгосын хойгийн уур амьсгалыг хэвийн болгоход туслах ёстой. Зургаан талт хэлэлцээг сэргээх замаар нэлээд чухал алхам Бээжинд хийнэ» гэж найдаж байгаагаа Александр Воронцов илэрхийлэн хэллээ.

     Хоёр Солонгос улсаас гадна АНУ, Хятад, Орос, Япон улсууд зургаан талт хэлэлцээнд оролцож байна. Пхеньян урьдчилсан болзол тавилгүй Сөүлтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгааг зургаан талт хэлэлцээнд БНАСАУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж буй Ли Ен Хо өчигдөр Бээжинд батлан илэрхийлэв. Гэвч Сөүл Вашингтон хоёр «Чхонан» хөлөг онгоцыг живүүлсэн  ба Енпхендо арал орчмын будлианы хариуцлагыг  хүлээж, цөмийн хүрээнд бүх ажиллагаагаа зогсоохыг Пхеньянээс шаардаж байна. Энэ нь Бээжинд хийх зөвлөлгөөнд саад болж мэднэ. Тэр тусмаа Вашингтон Сөүлийг дэмжиж байна. Харин Хятад улс шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэж болзошгүй  гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. «Хятад улс БНАСАУ-ын цөмийн асуудлаар дэнсэлж цэгнэсэн хатуу тууштай байр суурь баримталж ирсэн. Ноцтой саад бэрхшээл тулгарсан ч зургаан талын хэлэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж тус улс үзэж байна. Хятад улс Умард Солонгост нөлөө үзүүлж, АНУ-ын найр тавихаас татгалзаж байгаа улс төрчдийг сөрөн зогсож мэднэ. Тэгснээр хоёр Солонгос улсын хэд хэдэн үе шатны хэлэлцээний ачаар зохих үр дүнд хүрч болно» гэж Яков Бергер хэллээ.

     Орос улс  гурван талын эрчим хүч, тээврийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар итгэлцлийн уур амьсгалыг Солонгосын хойгт төлөвшүүлэх санал Умард, Өмнөд Солонгос хоёуланд нь дэвшүүллээ. Орос улсаас хийн хоолой БНАСАУ-ыг дамжин Өмнөд Солонгос руу барих асуудлыг хэлэлцэх гурван улсын шинжээчдийн уулзалтад бэлтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт Москвад тус төслийг хэрэгжүүлэх ажлын механизмыг байгуулах тухай санамж бичигт оросын «Газпром» компанитай хамт гарын үсэг зурсаны ачаар ийм боломж бий болсон. Оросын байгалийн хий  хоёр Солонгос улсын ашиг сонирхолыг ойртуулж, арилжааны түншлэлийн үндсэн дээр Солонгос дундын зохицуулалтын нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслана. Хоёр Солонгос улс  оросын санаачилгыг дипломат түвшинд хэр үнэлэхийг Бээжинд хийх хэлэлцээний өнгө аяс тусган харуулах юм.