НҮБ-ын АЗ дэх  Сирийн талаарх байр сууриа чангаруулахыг ОУ-аас АНУ шаардлаа. Өчигдөр Нью-Йорк хотод ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар уулзаж хэдэн сарын турш төр засаг нь сөрөг хүчний эсэргүүцлийг нухчин дарж байгаа Сири улсын байдлыг хэлэлцсэн юм. Сирийн засгийн газар ард түмнийхээ эсрэг үйлдэж байгаа ажиллагааны эсрэг НҮБ-ын АЗ-ийн үйл ажиллагааг чангаруулах шаардлагатай байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Клинтон хэллээ. Энэ тухай АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр ОУ, Сири улсын засгийн газар сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээг даруй эхлүүлэхийн төлөө байна. “Сайд Лавров бидний саналыг хүлээн зөвшөөрсөн гэж  хэлж чадахгүй, гэхдээ бид өөрийнхөө байр суурин дээр баттай зогсох болно” гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч хэлсэн байна. НҮБ-ын АЗ цаашид ямар байдлаар үйл ажиллагаа явуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг оросын тал зөвшөөрсөн гэж тэрээр нэмж хэллээ. Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн Сири улсад энэ оны 3-р сарын дунд үеэс эхэлсэн юм. Мөргөлдөөний улмаас 2700 хүн амь үрэгдсэн гэж НҮБ үзэж байхад сирийн төр засаг хоёр талаас 1400 хүн алагдсан гэж мэдэгдэж байгаа юм.