Засгийн газрын тэргүүн асан Жу Жунцзи  огцорсноосоо хойш 8 жилийн дараа анхааралын төвд дахиад орлоо. Ерөнхий сайд асны хэлсэн үг, баримт бичгийн цуглуулагаар бүтээсэн ном уншигчдын дунд асар их эрэлт хэрэгцээтэй байна. 1991-2003 оны хооронд Жу Жунцзи эхлээд дэд ерөнхий сайд, дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд байхдаа хэлсэн үг, өгүүлэл, бусад баримтуудыг тус номд нийтэлжээ. Ихэнх баримт бичгийг анх удаа хэвлэсэн байна. Энэ номыг уншснаар Жу Жунцзигийн шууд оролцоотой байсан эдийн засгийн шинэчлэлийн явцын тухай бүрэн ойлголттой болно. Улс орны эдийн засгийн өсөлт дэх түүний үүргийг үнэлж Жу Жунцзиг Хятадын “эдийн засгийн хаан” гэж баруунд нэрлэдэг байсан нь оргүй зүйл бишээ. Жу Жунцзигийн гавьяа өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Тэрээр засгийн газарт ажиллаж байхдаа 1997 онд болсон Азийн санхүүгийн хямралаас үүдсэн асуултуудад хариулт өгч байсан байна. Хятад улс ДХБ-д элсэх хүнд төвөгтэй хэлэлцээр болон улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах өргөн хүрээний ажлыг тэрээр гүйцэтгэж байсан байна. Харин ард түмэн Жу Жунцзиг авилгатай эвлэршгүй тэмцэгч гэж үзсээр байна. “Зуун авс бэлдэх хэрэгтэй, 99-ий нь авилгач түшмэдүүдэд зориулна, харин нэгий нь өөртөө үлдээнэ” гэж түүний хэлсэн үгийг байнга санан дурсаж байдаг юм.

    Энэ ном нь одоогийн удирдлагуудыг шууд бусаар шүүмжилсэн шүүмж гэж зарим нэг ажиглагчид үзэж байна. Ерөнхий сайд Жугийн үед түшмэдүүд хөрөнгөө гадгаш гаргах, гэр бүлээ гадаадад гаргах гэх мэтийн хууль бус үйлдлийг одоогийнх шиг хийж байгаагүй гэж Интернетийн олон хэрэглэгчид өөрсдийн тайлбартаа бичиж байна. Нийгмийн тэгш бус байдал, хурцдаж байгаа хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлын асуудал, ханшны уналт, хүрээлэн байгаа орчны бохирдолт зэрэг Хятадын орчин үеийн “зовлон” өөрийн эрхгүй өнгөрснөө санан дурсахад хүргэж байна. Харин шудрага ёсны талаас нь авч үзэх юм бол Жу Жунцзигийн шинэчлэл нилээд харгис хатуу байсан гэж МУИС-ийн Ази, Африкийн дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев тэмдэглэж байна. Хувьчлалын шинэчлэлийн үед улсын үйлдвэрээс сая сая хүнийг халж байсан явдал ямар үнэ цэнэтэй байсан бэ? Хэрвээ хахууль авах явдал одоо болтол амь бөхтэй зууралдаж байгаа бол Жу Жунцзигийн ерөнхий сайд байх үедээ явуулсан авилгатай хийсэн тэмцлийг үр ашигтай гэж үзэж болохгүй гэж Карнеев тэмдэглээд: «Жу Жунцзиг одоогийн ерөнхий сайдтай харьцуулах юм бол тэр хэнийг ч залхаан цээрлүүлэхэд бэлэн хүн байсан юм. Түүний эдгээр чанарууд нь түүнийг эвлэршгүй, хатуу харгис удирдагч гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ зан байдал тэр болгон бодит байдалтай нийцдэггүй шүү дээ. Асуудлыг шийднэ гэсэн олон олон амлалтууд тэр дундаа авилгатай тэмцэх амлалт нь хоосон үг байсан гэдэгт одоо олон шүүмжлэгчид анхаарал хандуулж байна. Тэгэхлээр түүний дүр төрх олон янз байна, нэг талаас тэр олон зүйлийг хийхийг хүсэж байсан, нөгөө талаас маш бага зүйл хийсэн юм» гэж Андрей Карнеев ярьж байна.

    Энэ номд ийм их анхаарал хандуулсан нь түүний хэвлэгдсэн цаг үетэй холбоотой юм. Ирэх жил Хятадад удирдагчид нь солигдох ба удирдагчдын шинэ үе гарч ирэх юм. Энэ нь Хятадын цаашдын хөгжлийн замын талаарх маргааныг хурцатгах болно. Хятадын ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар Жу Жунцзи өөрийн номоо нэр хүндэд хүрэх юм уу, ашиг олохын төлөө гаргаагүй. Улс орны одоогийн нөхцөл байдлын талаар ерөнхий сайд асан өөрийн санал бодлоо илэрхийлэхийн тулд номоо хэвлүүлсэн бололтой. “Хэрвээ засгийн газарт “за,за” гэдэг сайн залуучууд байх юм бол бид ард түмний өмнө буруутан болно. Хэрвээ би ард түмнийхээ зовлон жаргалыг хуваалцахгүй юм бол ямар ерөнхий сайд байх юм бэ.” гэж түүний хэлсэн үгийг “Наньфан Жоумо” сонин номоос нь авч хэвлэсэн байна. “Эдийн засгийн хааны” буцаж ирсэн явдал нь огцорсон улс төрчийн дурсамж биш Хятадын одоогийн болон ирээдүйн удирдагчдын  иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг сануулж байгаа юм. Тэд тэс ондоо байдалд ажиллах болно. 2000 оны эхэн үетэй харьцуулах юм бол Хятад улсад тулгарч байгаа асуудлууд хэд дахин хүндэрсэн билээ. Жу Жунцзиг алдаршуулсан хатуу шүрүүн дүр төрх одоо нэг их хангалттай биш бололтой.