ОУ-ын хөрөнгө оруулалтын нөхцөл одоохондоо тийм ч сайн биш байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэж ерөнхий сайд Владимир Путин оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг  ятгалаа. Дэлхийн томоохон олон компаниуд ОУ-д ажиллах арвин туршлага хуримтлуулаад байна. Бүс нутагт болон улс оронд бүхэлд нь хөрөнгө оруулалтыг татах нь ОУ-ын өмнөд хэсэгт орших Сочи хотод 10 дахь удаагаа болсон Олон улсын форумын гол сэдэв байлаа. ОУ дахь ажил хэрэгч уур амьсгалын  тодорхой бус байдал, эрсдэл нь өндөр байсаар байна гэж ерөнхий сайд Путин хэллээ. Энэ асуудлуудыг рейтингийн агентлагууд ч зааж байна. Эдийн засаг хөгжихийн хирээр энэ байдал өөрчлөгдөнө. Энд хамгийн гол нь нэг түншээс хамааралтай болохгүй явдал юм. Эдийн засгийн хэмжээг зүгээр л зузаатгах биш өндөр технолог, шинэчлэлийг урьтал болгож бодит үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх хэрэгтэй гэж улс орны удирдлага нэг бус удаа мэдэгдсэн билээ. Эдийн засгийн чанар болон бүтцийг өөрчлөх шаардлагатай байна. Энэ өөрчлөн байгуулалтын үндэс суурь нь бизнес болох ёстой, өөрөөр хэлвэл өөрийн мэдлэг чадвараа ашиглаж хариуг нь харах явдал гэдэгт Владимир Путин итгэлтэй байна. «Өндөр технологийг хөгжүүлэх болон үйлдвэрлэл явуулахад “ухаалаг” хөрөнгө оруулалтыг оруулах бүх нөхцлийг ОУ-д бий болгох ёстой. Ийм учраас бид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шудрага үйл ажиллагааг дэмжих чөлөөт орон зайг өргөжүүлэх ёстой. Зөвхөн одоогийн ашгийн төлөө бус бүхэл бүтэн бүс нутаг, тосгон, зарим нэг хотуудын амьдралын чанарыг өөрчлөх тийм санал санаачлага дэвшүүлж байгаа бүхнийг дэмжиж хамтран ажиллах ёстой юм. Мэдээж хэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ашиг олж л таараа шүү дээ» гэж Владимир Путин ярилаа.

   Сүүлийн үед ОУ-д хэд хэдэн хөгжлийн хүрээлэнгүүд бий боллоо. Оросын болон гадаадын томоохон хөтөлбөрийг дэмжих Шууд хөрөнгө оруулалтын оросын санг байгуулаад байна. Энэ санд одоогийн байдлаар 2 тэрбум доллар чиглүүлээд байна. Таван жилийн дараа хөрөнгө нь 10 тэрбум долларт хүрэх ба түүнийг шинэчлэлд зориулах юм. Мөн экспортын даатгалын агентлагыг бүрдүүлнэ. Үүний зорилго нь жижиг дунд бизнесийг гадаадын зах зээл дээр гаргахад оршиж байгаа гэж ерөнхий сайд хэллээ. Эхний ээлжинд оросын өндөр технологийн бүтэгдхүүнүүд тусламж авах болно.Стратегийн санал санаачлагын агентлаг /СССА/ бий болоод байна. Түүнд нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа болон бизнес нь тогтсон залуу бизнесменүүд орсон байна. Одоо тэд бага бизнесийн засаг захиргааны болон системийн асуудлыг арилгах саналаа дэвшүүлэх болон туршлагаа солилцох боломжтой боллоо. Стратегийн санал санаачлагын агентлагын “Шинэ бизнес” чиглэлийн захирал Артем Аветисян ярихдаа: «Тус агентлаг, ирээдүйтэй, сонирхолтой, шинэчлэлийн төслүүдийг эрж хайн, шилж сонгон тэднийг цаашид амьдралд хэрэгжүүлэхэд түлхэц өгөх болно. “Дунд бизнесийн” тулгарч байгаа арилжааны болон засаг захиргааны саад тотгоруудыг арилгаж дунд бизнесийн хөгжих орчныг хөгжүүлэх асуудлуудыг агентлаг бас хариуцан ажиллах болно» гэлээ.

   СССА-ын сонгож авсан төслүүд Внешэкономбанк болон Оросын венчурын компаниас санхүүгийн дэмжлэг авах болно. Хамтын ажиллагааны хэлэлцээнд Сочигийн форум дээр гарын үсэг зурсан байна. ОУ-д дэлхийн хэмжээний улам олон компаниуд орж ирсээр байна. ОУ-ын Роснефть, америкийн ExxonMobil нэгдэл хоёрын оросын арктикийн болон хар далайн эх газрын үргэлжлэлийг хамтран эзэмших тухай стратегийн түншлэлийн хэлэлцээнд гарын үсэг зурсан явдал энэ оны шуугиан тарьсан үйл явдал болсон юм. Мөн Сочид гарын үсэг зурсан South Stream Transport компанийн хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийг бас стратегийн ач холбогдолтой гэж үзэж болно. “Өмнөд урсгал” хий дамжуулах хоолой барих ажлыг хэрэгжүүлэх талаар оросын Газпром, италийн Eni, францийн  EdF, германын Wintershall компаниудын гарын үсэг зурсан баримт бичгийн тухай ярьж байгаа юм. Өөрөөр хэлвэл баримт бичгийг гарын үсэг зурж баталгаажуулснаар хувьцаа эзэмшигчид энэ төсөл амьдралд хэргжинэ гэсэн баталгаа өглөө. ОУ-аас Европ руу тавих хий дамжуулах хоолойн ажил 2013 онд эхлэх юм. Краснодарын хязгаарын Новороссийск хотоос энэ хий дамжуулах хоолой гараагаа авах юм. Энэ хоолой Хар далайн ёроолоор тавигдаж болгарын Варна хотод ил гарч ирэх юм. Тэндээс хийн хоолой Словени, Унгар, Серб, Хорват, Австри улсууд руу тавигдах ба нэг салаа нь Грек, Итали улсуудад хүрэх юм. Ингэснээр дамжин өнгөрөх эрсдлийг эрс багасгана. “Дамжин өнгөрүүлэх хэрүүл” ямар хор уршигтай байдгийг европчууд 2008-2009 оны өвлийн гашуун туршлагаас сайн санаж байгаа. Тэр үед Москва, Киевийн үнийн асуудлаас үүдсэн санал зөрөлдөөнөөс болж айл өрх ч биш бүхэл бүтэн улс орон хийгүй болж байсан юм. Яг тэр үед л Украиныг тойрч Европт хий хүргэх шулуун замын тухай санаа төрсөн юм.“Өмнөд урсгалын” дөрвөн салааны эхнийх нь 2015 онд ашиглалтад орох юм. Энэ салаагаар Европ тив жилд 15,75 тэрбум шоо метр хий авах болно. Харин 2018 он гэхэд энэ хийн хоолой Европ тивд жилд 63 тэрбум шоо метр хий шахах болно. Европын хэмжээний бас нэг хамтарсан төсөл бол Хойд Кавказд жуулчлалын бүс байгуулах төсөл юм. 2014 оны өвлийн Олимпын наадмын нийслэлд “Хойд Кавказын сувилалын газрууд” оросын компани, францийн “Кэс де Депо” компани хоёр Хамтарсан компани байгуулах хэлэлцээрийг үзэглэлээ.