Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших эрхийн олон улсын тендерт ялагчидтай монголын засгийн газрын хийсэн урьдчилсан хэлэлцээрийг баталсангүй. The Street Journal сэтгүүл мэдээлэлийн эх сурвалжаас үндэслэн энэ тухай мэдээлсэн байна. Тус зөвлөлийн гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээ одоохондоо байхгүй байна. Монгол улсын төр засаг тендерт оролцогчдын хооронд хуваасан хувь хэмжээг дахин харж үзэн,ялагчидтай нэмэлт хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Тус орд газрыг 36%-тай ОТЗ (РЖД) тэргүүтэй консорциум, 40%-тай хятадын Чайна Шенхуа Энержи тэргүүтэй эвсэл, 24%-тай америкийн Пибоди Энержи компаниуд бүгдээрээ эзэмшинэ гэж урьд нь мэдээлсэн билээ. Энэ хэлэлцээр нь үндэсний хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг ҮАБЗ шалгах ёстой байсан юм. Таван толгой нь Монгол улсын өмнө зүгт оршдог коксжсон нүүрсний орд газар бөгөөд нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог юм. Монгол улсын төр засаг Таван толгойн орд газрыг хоёр хуваасан ба нэг хэсгийг нь олон улсын олборлох компаниуд, нөгөө хэсгийг нь монголын Эрдэнэс Таван толгой улсын компани эзэмших ёстой юм. Уралдаанд оролцсон компаниудад тавьсан нэг үндсэн шаардлага бол одоо ашиглаж байгаа УБТЗ-ын сүлжээ дайрч гарч байгаа Сайншанд хотыг Таван толгойтой холбох 400 км төмөр зам барих асуудал юм. Хятад болон бусад орнуудын хэрэглэгчидэд монголын нүүрсийг хүргэх иж бүрэн логистик сүлжээ байгуулах санал тавиад байгаа ОТЗ (РЖД) тэргүүтэй консорциумын санал энэ шаардлагад бүрэн нийцэж байгаа юм.