Саяхан москва орчмын Жуковск хотод болж өнгөрсөн Агаар сансарын “МАКС-2011” үзэсгэлэн дээр үзүүлсэн “Луч” нэртэй нисгэгчгүй нисдэг аппарат шуугиан тарилаа. Түүнийг “Вега” концерн үзүүлсэн юм. Энэ нисгэгчгүй аппарат нь дунд зайн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Ингэснээр ОУ нисгэгчгүй нисэх хүчний зарчмын цоо шинэ чиглэлийг хөгжүүлж эхэллээ гэсэн үг. Энэ аппарат нь тагнуулын үүрэг гүйцэтгэхээс гадна цохилтын үүрэг гүйцэтгэж чадах юм. Өөрөөр хэлвэл сөрөг талын техник болон хүн хүчинд цохилт өгөх юм. “Луч”-ийг алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаанд ашиглаж болох ба байлдааны ажиллагаа болж байгаа бүсэд удаан хугацааны хяналт тавьж болох юм гэж “Вега” концерны албан ёсны төлөөлөгч Алексей Неделин тэмдэглээд: “Луч” нэртэй нисгэгчгүй нисдэг аппарат нь электронон хараа зүйн, радио локацийн, радио техникийн тагнуул хийх асуудлуудыг шийдэх болно. Мэдээлэлийг өөр аппаратад болон газрын удирдах газруудад дахин дамжуулж чадна. Мөн цохилтын зэвсгийг онгоцны их бие дэх саванд буюу далавчны доор байрлуулж болно. Зэвсэг болон зэвсгийг удирдах системийн нийт жин 150-170 кг байж болно гэлээ. Шинжээчдийн үзэж байгаагаар хүнд ангилалын нисгэгчгүй аппарат буюу алсын зайн аппаратад тавих цохилтын зэвсгийн функцийг боловсруулж байна. Харин баруунд янз бүрийн цохилтын системүүдийг дунд зайн нисгэгчгүй аппарат дээр хэрэглэж байна. Predator буюу “Махчин” ангилалын  америкийн дронуудыг АНУ болон тэдний холбоотнууд Иракт болон Пакистан, Йеменд болсон алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаанд идэвхитэй хэрэглэсэн юм. Хамгийн сүүлд Ливи улсад хэрэглээд байна. Цохилтын функцтэй нисгэгчгүй аппарат зохион бүтээх ажлыг АНУ-аас гадна Израиль улс хийж байна. Европт гэхэд EADS тэргүүтэй хэд хэдэн улсын компаниуд Таларион дроныг бүтээж байна. Мөн ийм төслүүдийг ӨАБНУ, Хятад, Энэтхэг улсуудад хэрэгжүүлж байна. Алексей Неделиний хэлснээр “Луч” аппаратыг тус концерн дан ганцаараа боловсруулсан ба өөрийн хөрөнгөөр бүтээсэн юм байна. ОХУ-ын хүчний байгууллага болон БХЯ-ны зүгээс тэдний энэ аппаратыг угтан тосож авна гэдэгт концерныхан найдаж байна. Энэ чиглэлийг хөгжүүлэх тийшээ хийж байгаа алхам нь маш нааштай алхам гэж шинжээчид үзэж байна. Дунд ангилалын нисгэгчгүй аппаратуудыг жишээ нь Израиль улсаас худалдаж авна гэдэг үнэхээр асуудалтай юм. Тухайн аппаратад америкийн эд анги байхгүй байсан ч АНУ гэрээнд хориг тавьж чадна.Худалдаж авлаа гэж бодоход түүнийг оросын нөхцөлд тааруулах хэрэгтэй ба үүнд хэдэн жил орно. Өөрийн гэсэн нисгэгчгүй аппараттай байна гэдэг улс төрийн эрсдлийг үгүй болгож ирээдүйд тус аппаратыг экспортлох сайхан боломж нээгдэнэ гэсэн үг. Харин шинэ онгоцыг иргэний агаарын тээвэрт ашиглах тал дээр өргөн боломж байгаа юм. Янз бүрийн ажиглах системийн тусламжтайгаар хараа зүйн, радио локацийн ажиглалт, хий болон нефтийн хоолойг ажиглах, тээврийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектуудад хяналт тавих зэрэг Дэлхийн агаарын мониторингийг хийж болно.