БРИКС (БОЭХӨ) бүлгийн орнууд  АНУ-ын үндэсний  аюулгүй байдалд учирсан аюул сорилт боллоо. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд терроризм, кибер дайралт ба Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүдтэй хамт аюул сорилтын нэгэн цэст багтсан байна. Пентагоны шинэ тэргүүн энэ цэсийг зарлав. Леон Панеттын хэлснээр бол ойрын арван жилд Вашингтон гариг дэлхийг «олон улсын тогтвортой байдлыг бусниулах» гэсэн эдгээр орны оролдлогоос хамгаалах ёстой. Өнгөрсөн онд батласан америкийн хөгжлийн төлөвлөгөөнд Орос Хятад хоёр улсыг аюулын голомт хэмээн үзээгүй нь сонин шуу. Хятад улс 9 жилийн дараа армийнхаа зэвсэг тоноглолоор  АНУ-ыг гүйцэж мэднэ гэж энэ оны 8-р сарын сүүлээр Пентагоны илтгэл конгресст сануулсан билээ. Хятадын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт оруулах хөрөнгө тус улсыг  « бүс нутгийн цэргийн балансыг алдагдуулах аюултай» цэргийн чадавхитай  болгоно гэж АНУ-ын цэргийн тусгай газар үзэж байна. Орос улсын тухайд гэвэл энэ нь америкийн сур хүчтэй тэнцэх цөмийн стратегийн чадавхитай цорын ганц улс юм гэж тэмдэглэжээ.

   Дээрх илтгэл болон Пентагоны толгойлогчийн хэлсэн үгийг  Вашингтоны «харцагуудын» ээлжит явуулага» хэмээн үзэж болох байх. Тэр тусмаа АНУ, ОУ-ын дипломат ажиллагаа хоёр талын харилцааг сайжруулахыг эрмэлзэж, «хүйтэн дайн» гэдэг томьёоноос холдож эхлэсэн юм. Харамсалтай нь Панеттын  үзэл санааг бусад  этгээд дэмжиж байна. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хийсэн мэдэгдлийг авч үзвэл Вашингтон дэлхийд ноёрхох үзэл санаагаасаа татгалзахгүй байна.Вашингтон чухам ийм байр суурь баримталж аюул учруулахгүй газар нутагт аюул сорилтыг олж байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев тэмдэглээд « АНУ  өөрий нь ноёрхох ганц туйлт дэлхийг л тогтвортой хэмээн үздэг нь харамсалтай байна. Ийм байр суурийг цаашид баримтлавал, аюул заналыг санаанаас зохиож, жишээ нь Энэтхэг улсаас аюул учирсан хэмээн үзэж болзошгүй. Маш олон бодит аюул сорилт дэлхийд тулгарсан. Хамтын хүчээр л тэдгээрийг няцаах хэрэгтэй» гэв.

      Эдүгээ Вашингтон дахь улс төрчид дэлхий дахин шинэ эринд шилжсэнийг харгалзаж үзвэл зохино гэж  Оросын ГХЯ-ны Дипломат академийн Дорнодын судлалын төвийн удирдагч Андрей Володин онцлоод: «Эдүгээ АНУ урьдынхаас бага үүрэг дэлхийд гүйцэтгэж байна. АНУ-ын хувьд энэ нь нэн чухал асуудал болсон. Тус улс санхүү, цэрэг-улс төрийн хүрээнд өөрий нь дүрэм тогтоох эрхгүй боллоо. Орос төдийгүй европын зарим улс АНУ-ын хяналтаас гарч  байна» гэв.Америкийн янз янзын улс төрчдийн хэлсэн үгнүүдийг удахгүй АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуультай холбон үзэх хэрэгтэй. Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обамаг эсэргүүцэгчид олон.Өрсөлдөгчид нь хөтөлбөрөө зарлан мэдээлэх бүх боломжийг ашиглаж байна.