9-р сарын 10-нд Монгол улсад улс-төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэдэг юм. Өнгөрсөн зууны 30-40 оны үед Монгол улсад өргөн баривчилгаа явагдаж, тэр үеийн төр, нийгмийн, цэргийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд болон лам нарыг үй олноор нь баривчилан, цаазалж байжээ. Тухайн үеийн монголын удирдлага энэ бүхнийг ЗХУ-ын заавраар явуулж байжээ. Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд энэхүү хэлмэгдэлтэнд нийт 22-35 мянган хүн өртжээ. Тэдгээрийн тэн хагас нь монголын сэхээтний сор нь байжээ. Тэднийг зөвлөлтийн эрх баригчид зориудаар Москвад дуудан авчирч хороож байв. 9-р сарын 9-нд Москва дахь Монгол улсын ЭСЯ-наас Монголын улс төрийн хэлмэгдэлтийн өдрийг тохиолдуулан улс-төрийн хэрэгт хэлмэгдлээр амь үрэгдсэн монголчуудын гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөв. Энэхүү хөшөөг Москвад НКВД буюу Дотоодыг хамгаалах яамны ардын комиссариатын газрын хэлмэгдэгсдийг буудан хороож байсан тэр газар 2002 онд байгуулжээ. Москвагийн ойд 400-600 монголын улс төрийн хэлмэгдэгсдийг хороосон гэх мэдээ байдаг. Хөшөөнд 34 хүний овог нэр байна. Монголын тал Москвад улс-төрийн хилс хэлмэгдэлтээр амь насаа алдсан монголчуудын тоо, баримт материалыг оросын байгууллагуудын хамт эрж, хайж тодруулах ажлаа үргэлжлүүлж, цаашид эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх талаар олон зүйлийг хийх болно гэж ОХУ дахь Монгол улсын ЭСЯ-ны Элчин-зөвлөх Готовын Лүндэн “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьсан юм. Та бүхэн ОХУ дахь МУ-ын ЭСЯ-ны Элчин-зөвлөх Готовын Лүндэнгийн яриаг сонсоно уу ....