Оросын болон дэлхийн хоккейд асар том  гарз учирлаа. Ярославльд ЯК-42 онгоц хөөрөх үедээ осолдож, онгоцонд явсан хоккейн “Локомотив” багийн тамирчид амь үрэгдлээ. Тамирчид Минск хотноо нээгдэх Тивийн хоккейн лигийн /КХЛ/ улирлын тоглолтонд оролцохоор явж байсан юм. Онгоцонд 45 хүн явснаас дөнгөж хоёр нь амьд үлджээ. Одоо тэдний биеийн байдал их хүнд байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Локомотив” багийн тамирчдын төрөл төрөгсдөд, тэдний хөгжөөн дэмжигч, сонирхогчдод гүн эмгэнэл илэрхийлсэн юм. “Энэ эмгэнэлт явдал их олон хүний дуу хоолойг нэгтгэж байна. Бүх юм нйитэд ил тод, нээллтэй байх ёстой” гэж өнөөдөр ослын үр дагаврыг арилгах  шуурхай албаны хуралдаан дээр ерөнхийлөгч Медведев цохон тэмдэглэв. Мөрдөн байцаах газарт болон холбогдох бүх газруудад ослын шалтгааныг тодруулахад шаардлагатай бүхнийг хийхийг үүрэг болгов. Дмитрий Медведев эмгэнэлт явдал гарсан газар очихын тулд Дэлхийн улс-төрийн их чуулганд оролцох хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан юм. Як-42 онгоцонд Оросын үндэсний хоккейн шигшээ багийн тамирчид болон гадаадын орнуудын хоккейн одууд байсан юм. Тэд бол: Словакийн тамирчин – Павол Демитра, Чехийн – Ян Марек, Йозеф Вашичек, Карол Рахунек, шведийн хаалгач Стефан Лив, багийн ерөнхий дасгалжуулагч канадын иргэн Байрон Брэд МакКриммон нар байжээ. Гэхдээ багийн үндэс суурь оросын тамирчдаас бүрдэж байсан юм.  Тэдний хамгийн залуу нь 18 настай байв. ОХУ-ын Хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк онгоцны ослыг “дэлхийн хоккейн нөхөгдөшгүй гарз гэж” хэлжээ. ОХУ-ын Хоккейн холбооны гүйцэтгэх захирал Валерий Фисюк гүнээ эмгэнэжийн ярьлаа. «Ид сайхан залуу насандаа авъяаслаг залуус маань амь үрэгдлээ. Аймшигтай. Оросын Хоккейн холбоо гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ амь үрэгдэгсэдийн гэр бүлд чадах чинээгээр туслахаа нь өөрсдийн үүрэг гэж үзэж байна. Түүнчлэн амь үрэгдсэн тамирчдын дурсгалыг хүндэтгэн, тэдний өвөрмөц тоглолтуудыг  үргэлжлүүлэх  залгамж багийг сэргээх ёстой» гэж үзэж байна. Сүйрэлд оросын болон дэлхийн орнуудын олон сая хоккей сонирхогчид гашуудаж байна. “Локомотив” багийн  болон бусад клубуудын сайтан дээр тамирчдын дурсгалыг хүндэтгэх хүсэлтэй олон зуун хүмүүсийн сэтгэгдэл иржээ.  Одоо онгоцны сүйрэл гарсан газар Оросын Онцгой байдлын ажилтнууд болон иргэний нисэхийн мэргэжилтнүүд ажиллаж байна. ОБЯ-ны шумбагчид “Як-42” онгоцны хоёр хар хайрцагийг уснаас гаргаж авчээ. Ослын үед хоёр хуваагдаж, голд унасан онгоцны сүүл хэсгээс хайрцагуудыг олжээ. Улс хоорондын нислэгийн хорооны мэргэжилтнүүдэд бичлэгийн задрагаа хийлгэхээр шилжүүлсэн байгаа. Эрлийн ажилд 250 хүн оролцсон бөгөөд одоо энэ ажлыг зогсоожээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар онгоцны сүйрлийн шалтгаан техникийн сааталтай холбоотой юм уу эсвэл муу чанарын түлшнээс болсон  байж магадгүй аж.