Москва орчмын Щербинкад болсон Олон улсын төмөр замын “ЭКСПО-1520” үзэсгэлэнгийн үеэр олон тэрбум долларын гэрээ хэлэлцээ байгууллаа. Энд анх удаагаа инновацийн технологийг ашиглаж бүтээсэн техникийн загваруудыг үзүүллээ. “Оросын төмөр зам” /ОТЗ/ компани, германын “Сименс”, оросын “Группа Синара” компаниуд “Ласточка” цахилгаан галт тэргэнд зориулсан 1200 вагон үйлдвэрлэх хоёр тэрбум гаруй еврогийн үнэтэй гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо тээврийн дэд бүтэц болон хөдлөх хэсэгтээ шинэчлэл хийж байгаа ОТЗ компани гадаадын үйлдвэрийн техникийг зүгээр л худалдаж аваад зогсохгүй юм. Эх орондоо үйлдвэрлэл явуулахын тулд тус компани гадаадын тэргүүлэх компаниудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулах болно. “ОТЗ” болон “Сименс” компаниуд яг ийм зарчмаар ажиллах болно. ОТЗ компанийн захиалгын вагонуудыг “Группа Синара”, “Сименс” компаниупын байгуулсан “Уральские локомотив” хамтарсан үйлдвэрт Свердлов мужийн Дээд Пышма хотод үйлдвэрлэх юм байна. Ийм хамтын ажиллагаа нь харилцан ашигтай гэж “Группа Синара” компанийн ерөнхийлөгч Дмитрий Пумпянский манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Энэ нь германын тэргүүн технологийг энд ашиглах сайхан боломж нээж өгч байгаа юм. Ингэснээр “Сименс” компанийг оросын зах зээл дээр бэхжүүлж өгнө. Хэрвээ гадаадын түншүүдийн тэргүүлэх ноу-хауг авч Свердловск муж, ОУ-д гүнзгий нэвтрүүлэх юм бол оросын машин үйлдвэрлэгчид болон “Группы Синара” компани тавьсан зорилттоо хүрэх хамгийн богино зам болох юм». “Ласточка” зүтгүүрийг оросын нөхцөлд тааруулж хийсэн бөгөөд цагт 160 километр хурдлах ба одоо ОУ-д ажиллаж байгаа зүтгүүрүүдээс 30%-иар бага эрчим хүч хэрэглэнэ. 2017 онд үйлдвэрлэлийг нэг газар байршуулах ажил 80%-тай байх ёстой. Хамтарсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зүтгүүр үйлдвэрлэх хүчин чадал 250 сая евро ба эндээс арваад сая нь Герман болон ОУ-д ажилчдыг сургахад зориулагдах юм. 2015 оноос зүтгүүрүүдийг бөөнөөр нь үйлдвэрлэнэ. Пышмагийн үйлдвэрээс гадна оросын бусад компаниуд оролцоно гэж Дмитрий Пумпянский тэмдэглээд: «Үйлдвэрлэлийг нэг газар төвлөрүүлэх ажлын 80%-д оросын нийлүүлэгчдийн өргөн хүрээг хамруулах ба зарим хэсгийг нь тодруулаад байна. Хөнгөн цагааны панель үйлдвэрлэдэг Каменьск-Уралын металлургийн заводтай “Сименс” компанийн шаардлагад нийцсэн туршилт явуулах талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Петербургийн зүтгүүрийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг завод, Воронеж мужид ажилладаг трансформаторын үйлдвэр зэрэг нь Сименсийн үйлдвэрүүд юм гэлээ». Цагт 220 километр хурдлаж чадах ЭП-20 шинэ зүтгүүр нь ЭКСПО-1520 үзэсгэлэнгийн тод үзүүлбэр боллоо. Энэ нь оросын хоёр тэжээлээр ажиллах анхны зүтгүүр юм. Өөрөөр хэлвэл тогтмол болон хувьсах тогоор ажиллана гэсэн үг. Тавдахь үеийн энэ цахилгаан галт тэргийг бүтээхэд оросын “Трансмаш холдинг”, францийн “Альстом” компаниуд оролцсон юм. ОТЗ компани ийм 200 зүтгүүр худалдаж авах гэрээнд гарын үсэг зураад байна. ЭП-20 зүтгүүрийн ашиглаж эхэлсний дараа “Москва-Сочи”, “Москва-Брест” гэсэн маш их ачаалалтай зорчигч тээврийн маршрутууд шинэ байдлаар ажиллах болно.