17.05 Оросын ерөнхийлөгч Ярославльд гарсан онгоцны ослын дараа иргэний нислэгийн баг бүрэлдэхүүний бэлтгэлийг шалгах үүрэг өгчээ.

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Тээврийн яам болон түүний харъяа байгууллагуудад иргэний нислэгийн баг  бүрэлдэхүүний бэлтгэлийн түвшинг шалгах үүрэг өгчээ. Энэ тухай Медведев Ярославлийн онгоцны сүйрлийн үр дагаврыг арилгах шуурхай штабын хуралдаан дээр мэдэгдэв. Ажиллахад бэлэн бус хүмүүсийг халах шаардлагатай гэж тэр хэлжээ. Үүний өмнө Медведев осол гарсан газар очжээ. Ерөнхийлөгч Як-42 онгоц унасан Туношна тосгонд ирж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, сүйрсэн онгоцны хэлтэрхий байгаа голын харалдаа  эргэ дээр улаан сарнайн баглаа тавьж, нэг минут толгой гудайлган зогсов. Ярославлийн хоккейны “локомотив” багийн тамирчид лхагва гаригт Як-42 онгоцоор Ярославлийн орчимд онгоцны сүйрэлд орсон юм. Онгоцонд 45 хүн явсны 43 хүн амь үрэгдэж, хоёр хүн амь гарсны нэг нь тус багийн тамирчин Александр Галимов, нөгөө нь нисэх багийн үйлчлэгч Александр Сизов нар юм.

Гэрэл зураг

 

11.11 Орос улсын ерөнхийлөгч Ярославльд Як-42 онгоцны ослын асуудлаар хуралдаан хийсний дараа Дэлхийн улс-төрийн их чуулган дээр үг хэлнэ.

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев пүрэв гаригт Ярославльд Дэлхийн улс-төрийн их чуулганд оролцоно. Өчигдөр орой Ярославльд Як-42 онгоц осолоор ярославлийн хоккейн “Локомотив” багийн тамирчид сүйрэлд өртсөн явдал төрийн тэргүүний хөтөлбөрт өөрчлөлт оруулжээ. Ярославльд ирэснийхээ дараа Медведев сүйрэл гарсан газар очиж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх юм. Осол гарах үед онгоцонд 45 хүн байсан бөгөөд тэднээс хоёр хүн амьд үлдсэн нь - Багийн тамирчин Александр Галимов болон онгоцны үйлчлэгч Александр Сизов нар юм. Онгоцны осолтой холбогдуулан Оросын ерөнхийлөгч Ярославлийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан, гэхдээ Дэлхийн улс-төрийн их чуулган дээр үг хэлэхээсээ татгалзаагүй юм. Ярославлийн их чуулганы үеэр Оросын ерөнхийлөгч  ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова болон Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюль нартай уулзалт хийх юм.

Гэрэл зураг