Арабын улсуудын лигийн ерөнхий нарийн бичгийн даргад болон Катар улсын сайд нарийн зөвлөлд ШҮЗ-ийн бичсэн хэрүүл шуугиантай захидлыг дэлхий даяараа хэлэлцэж байна. Пүрэв гаригт Парист болсон “Ливийн анд нөхөд” олон улсын бага хурал эхлэхээс хэдхэн цагын өмнө францийн “Либерасьон” сонинд энэ илгээлтийг нийтэлсэн юм. Энэ захидалд, олон улс орны одоо хүлээн зөвшөөрөөд байгаа ливийн албан ёсны төр засаг буюу ливийн босогчид хэрвээ Франц улс байлдааны ажиллагааг дэмжих юм бол бүх олборлож байгаа нефтийнхээ 35%-ийг өгнө гэж амласан байна.Энэ илгээлт 2011 оны 4-р сарын 3-нд бичигдсэн байна гэж францийн сэтгүүлчид тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлвэл Ливид агаарын цохилт өгөхийг зөвшөөрсөн НҮБ-ын АЗ-ийн тогтоол гарснаас хойш 3 долоо хоногийн дараа илгээсэн гэсэн үг. Энэ цохилт нь босогчдын талд илэрхий орсон өргөн хэмжээний байлдааны ажиллагаа болж хувирсан юм. Энэ шуугиан тарьсан илгээлт  “Либерасьон” сонинд нийтлэгдсний дараа Франц улсын ГХЯ-ны сайд Ален Жуппе тайлбар хийхдээ: «Энэ захидлын тухай би юу ч мэдэхгүй. Урьд нь дэмжиж туслаж байсан хэн бүхэнд Ливи улсыг сэргээн босгох ажилд арай давуу эрх олгоно гэж ШҮЗ албан ёсоор зарлаж байсныг л би мэдэх юм байна. Энэ бол үнэхээр ухаалаг, шудрага зүйл юм. Бид ганцаараа биш тэнд АНУ, Итал улсууд оролцож байгаа. Ливи улсад хийх ажил үнэхээр өндөр үнэтэй гэхдээ энэ бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Хөгжил дэвшил, аюулгүй тогтвортой байдал гэдэг бол ардчилсан улсын шинж тэмдэг юм» гэж тэр хэллээ. Урьд нь банкинд битүүмжилсэн байсан ливийн мөнгөнөөс 1,5 тэрбум еврог ливийн ард түмэнд тусламж болгон Франц улс гаргаж өгч байна гэж ГХЯ-ны сайд мэдээллээ. Францийн дансанд 7,6 тэрбум еврогийн үнэтэй ливийн активыг битүүмжилсэн гэж Рейтер агентлаг үзэж байгаа юм байна. Ливид нефтийн орд газрыг эзэмших нэг ч гэрээнд өнөөдрийн байдлаар гарын үсэг зураагүй байна гэж францийн нефтийн Тотал компанийн ерөнхий захирал Кристоф де Маржери мэдэгдээд: «Техникийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр тэнд хүмүүс очоод байгаа. Бид гэрээ хэлэлцээг хэлэлцээгүй, улс төрийн тухай ярилцаагүй. Би Триполид ч Бенгазид ч очоогүй. Надад шоу хийгээд байх шаардлага алга. Бид Ливи улсад ажиллаж болно гэхдээ ливичүүдийн хүсэл зориг, зөвшөөрлийг харгалзан үзэж ажиллах ёстой. Бид хариуцлага хүлээсэн объектуудаа дахин ажиллуулах нь бидний хувьд тэргүүн зэргийн зорилт юм. Хэн нэгний газрыг эзлэж авах тухай, дайн хийх тухай ярьж байгаа юм бишээ. Ливи улс болон ливийн ард түмэнг аль болохоор хурдан жирийн амьдралд нь буцаахад нь бид тусдах ёстой» гэж тэр ярилаа.Франц улсын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайд Эрик Бессон ШҮЗ-тэй ямарч гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг баталлаа. Гэхдээ Ливийн эрчим хүчний нөөцийг эзэмшихэд францийн компаниудад давуу эрх олгох нь ухаалаг зүйл гэж хэлээд: «Тотал компани хувьсгал гарахаас ч өмнө Ливи улсад ажиллаж байсан гэдгийг санацгаая. Тус компани Ливи улсын эдийн засаг болон эрчим хүчийг сэргээхэд оролцож Ливид үлдэхээр бодож байна. Ливид болсон байдал, хурандаа Каддафи болон түүний дэглэм унах бүх ажиллагааг Франц улс анхнаасаа л тэргүүлсэн гэдгийг санацгаая, ер нь манай улс үйл явдлын оргилд нь байсан шүү дээ. Энэ нь Франц улс эдийн засгийн болон сэргээн босгох  үйл ажиллагааны тэргүүн эгнээнд байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Ливи улсын ажил хэрэгт оролцохыг францийн компаниуд үнэхээр сонирхож байна» гэж тэр хэлсэн. Ливи улсын нефтийн нөөц нь 44 тэрбум баррель гэдгийг сануулахад илүүдэхгүй бизээ. 2011 оны эх гэхэд хойд африкийн энэ улс өдөрт 1,6 сая баррель нефть олборлож, олборлолтоороо дэлхийд 17-р байранд орж байсан билээ. Байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө Франц улс ливийн нефтийн 15%-ийг импортоор худалдан авч байсан ба ливийн хар алтыг худалдаж авах үзүүлэлтээрээ Итали улсын дараа 2-рт орж байсан билээ.