ТУХН-ийн улсуудын  төрийн тэргүүнүүдийн зөвлөл өнөөдөр Тажикистаны нийслэлд хуралдана. Хамтын нөхөрлөлийн улсуудын төрийн тэргүүнүүд Душанбед “ТУХН-ийн 20 жилийн үйл ажиллагааны дүн ба ирээдүйн зорилт” гэсэн сэдэвтэй судалгааны илтгэлийг сонсох болно. ТУХН-ийн улсуудын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалт дээр Хамтын нөхөрлөлийн цаашдын хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцэж, олон улсын цаг үеийн хэд хэдэн асуудлаар саналаа солилцох болно. 12-р сард ТУХН-ийн 20 жилийн ой болно. Түүхийн энэ богинохон хугацаанд тус байгууллага улс хоорондын харилцаа болон хамтын ажиллагааны хамгийн бодит хэлбэрийг эрж хайн бүрэлдэн тогтох хүнд хэцүү замыг тууллаа. ТУХН-ийг байгуулсан нь эдгээр улсуудын ард түмнүүдийн сайн сайханы төлөө хийсэн ариун үйл хэрэг гэж Душенбед болсон ТУХН-ийн улсуудын ГХЯ-дын сайд нарийн зөвлөлийн хуралдааны дүнгээр хийсэн мэдэгдэлдээ ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өгүүлсэн байна. Алан хядах ажиллагаа, хэт даврах үзэл, мансууруулах бодисны суваг, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг хүрээнд ТУХН-ийн үйл ажиллагааны үр дүн илүү мэдрэгдэж байна гэж тэрээр хэлсэн байна. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудлаар амжилтанд хүрлээ. “Газар зүй, геополиткийн талаасаа ч эдийн засаг, соёлын талаасаа ч ТУХН-ийн улсуудын ард түмэн бие биенээсээ хаашаа ч зайлж чадахгүй” гэдгийг Лавров санууллаа. 20 жилийн ойтой холбогдуулаад ТУХН-ийн улсуудын ерөнхийлөгчид хамтарсан мэдэгдэл гаргах болно. ТУХН-ийг 1991 оны 12-р сард байгуулсан билээ. Балт орчмын улсуудаас бусад хуучин ЗХУ-ын бүх БН улсууд тус нөхөрлөлд орсон юм. Гүрж улс ТУХН-өөс 2009 оны 8-р сард гарсан ба одоо тус нөхөрлөл 11 гишүүнтэй байна.