2040 оны зуны Олимпийн наадмыг Монгол улс зохион  явуулах боломжтой. Олон улсын Олимпийн хорооны тэргүүн Жак Роггетэй Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уулзахдаа ингэж мэдэгдсэн байна. Монгол улсын төрийн тэргүүний санал санаачлагад нааштай хандаж байна, энэ их ажлын эхлэлд амжилт хүсч байна гэж Жак Рогге хариулсан байна. Ирээдүйд Олимпийн наадмыг өөрийн оронд зохион явуулах санал санаачлага урьд нь гарч л байсан тэгэхдээ ийм тодорхой хугацаатай санал анх удаа л сонсогдож байна. Энэ үг нь өндөр албаны хүмүүсийн найрсаг харилцааны хэллэг болох уу? Монгол улсад олимпийн тоглолт явуулах мэдэгдэл болох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Харин энэ нь хоёр талаас хийж байгаа маш зоримог алхам гэж олимпийн хөдөлгөөний түүх судлаач Валерий Штейнбах үзэж байна. «Энэ саналыг Жак Рогге сайшааж байгаа нь ч гайхаад байх зүйл биш. Олимпийн тоглолтын эзэн улсууд нэгэн тойрогт ороод ээлжилж байгаа учир  ОУОХ Олимп явуулах шинэ улсуудыг эрж хайж байгаа юм. Дэлхий дахинд зөвхөн хөгжингүй орнууд төдийгүй хөгжиж байгаа орнууд ч өөрийн гэсэн зүйлээ санал болгож чадна гэдгийг харуулж бүх улс орны боломжийг өргөжүүлэх нь ОУОХ-ны ерөнхий байр суурь юм. Харин Монгол улсын хувьд 2040 онд олимпийн тоглолт явуулна гэдгийг ойлгоход хэцүү байна. Энд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай учир нь зуны олимпийн наадам өвлийнхөөсөө үнэтэй шүү дээ. Яг одоогийн байдлаар Монгол улс Улаанбаатар хотдоо л хоёр  цэнгэлдэх хүрээлэнтэй шүү дээ. Тус улсад хэд хэдэн дэлхийн аврагын тэмцээн болж байсан. Тэнд уламжлал ёсоор нум сум, бөх л илүү хөгжсөн билээ. Олимп явуулахын тулд энэ нь бага байна. Би дэд бүтэцийн талаар огтхон ч яриагүй байна. Монгол улсад бүх зүйлийг өөрчлөн байгуулах хэрэгтэй» гэж Валерий Штейнбах хэллээ.

  Өөрчлөн байгуулалт зөвхөн Олимпийн асуудлыг хөндөөд зогсохгүй эртнээс хуримтлагдсан нийгэм эдийн засгийн асуудлыг ч хөндөнө. Харин Олимп энэ асуудлын шийдвэрийг хурдасгаж мэдэх юм. Хэрвээ засгийн газар үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө гаргаж одооноос эхлэн түүнийгээ хэрэгжүүлж эхлэх юм бол 2040 оны олимпийг явуулна гэсэн энэ ориглуун төсөлд итгэхэд бэлэн байна гэж монголч эрдэмтэн Евгений Лиштованный тэмдэглээд «Олимпийн тоглолт явуулахаар сонгож авах Улаанбаатар, Дархан, Эрдэнэт ч юм уу бусад хотуудад асар их ажил хийх хэрэгтэй болж байгаа юм. Дэд бүтэц байгуулах шаардлагатай, үүний тулд улсын хэмжээний хэд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Жишээ нь усан хангамж,  цахилгаан дамжуулах хүчирхэг шугам, өргөн авто зам зэргийг барих шаардлагатай. Өнөөдөр Улаанбаатарт хүн ам маш нягт сууршиж байгаа тул барилга байгууламжийн ухаалаг шинэ ерөнхий төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Гэр хороололынхон таарсан юмаа түлж байгаагаас үүдсэн экологийн асуудал байна. Эцэст нь олимпийн объектуудыг хаана барих вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй» гэж гэлээ. Харин Олимпийн тоглолт л тус улсыг үсрэнгүй урагшлан хөгжихөд нь томоохон түлхэц болно гэдэгт Евгений Лиштованный итгэхийг ихэд хүсэж байна. Олимпийн тоглолт гэдэг улс орны нэр хүндийг өргөөд зогсохгүй бас мөнгө олох сайхан арга юм. Ямар нэгэн улсад Олимпын тоглолтыг зохион явуулна гэдэг тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөх арга барил болдог гэдгийг эдийн засагч эрдэмтэд баталсан байна. «Ер нь энэ бол ухаалаг санаачлага юм. Хэрвээ засгийн газар нь энэ тал руу чиглэсэн бодлого явуулах юм бол Олимпийн тоглолт нүүдэлчин улсыг өөрчлөх болно. Ерөнхийлөгч эхлээд өөрийн гэсэн бэлтгэл хийхийн тулд дотоодын олимпийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бололтой. Энд ч үндэслэл байгаа юм, учир нь бөх, бокс, дугуй, нум сум зэрэг спортын төрлүүд Монгол улсад амжилттай хөгжиж байгаа билээ» гэж  Евгений Лиштованный хэллээ. Олимпийн тоглолт явуулахын өмнө дотоод, олон улсын хэмжээний хэд хэдэн тэмцээнийг зохион байгуулах шаардлагатай. Олимпийн бүтээн байгуулалтыг төлөвлөх, барих чадвартай мэргэшлийн уран барилгачид, дизайнерчид, инженерүүдийг бэлтгэх асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Мөн Монгол улс Олимпийн тоглолт явуулах арвин туршлагатай хоёр хөрш Орос, Хятад улсуудын тусламжид найдаж байгаа юм.