Бүддийн шашинтнуудын  ариун, гэгээн шүтээн Богд Зонхав бурхан Буриадын  Агийн тойргийн Агниск тосгоны Цугольский хийдэд 77 жилийн дараа эргэн  ирлээ.  Тус хийд нь 1936 онд хаагдаж, 1988 онд сүсэгтэн олонд үүдээ нээх болсон юм. Саяхан хийд байгуулагдсаны  210 жил тохиожээ. Баяр ёслолын арга хэмжээний үеэр Богд Зонхавын шинэ бурханыг аравнайлах зан үйлийг явуулсан юм.  Цугольский хийдийн хамба лам Бальжинима Цыренов хэлэхдээ «Богд Зонхав бурхан бол бодит хүний дүр, тэрээр 13-р зууны үед амьдарч байсан бөгөөд  “гелукла”шинэ  урсгалыг  шашинд үндэслэн бий болгожээ. Өнөөдөр энэ нь шарын шашин буюу ламаизм. Гелукла нь маш хатуу дүрэмтэй байжээ. Тамхи татаж, архи дарс хэрэглэхийг хорих бөгөөд эхнэргүй явах тангараг тавин  сахил хүртдэг.  Хоёр метрийн өндөр Богд Зонхав бурхан нь  хийдийн төв хэсэгт  байдаг байжээ. Харин түүний хоёр талаар олон  жижиг бурханууд тавьсан байжээ. 1934 онд түүнийг  хааш нь авч явсан нь тодорхойгүй байжээ. Зөвлөлт засгийн үед гадаадынханд бэлгэнд өгсөн гэж бас  ярьдаг аж» гэлээ.

      Хийдийн 210 жилийн ойд  зориулан  Богд Зонхав шүтээнийг шинээр бүтээжээ. «Манай нэг лам Монгол явж,  Гандан Тэгчилэн хийдэд байдаг Богд Зонхав бурханы зургийг авчирсан юм. Түүний зургийг ашиглан монголын сэргээн засварлагчид Улаан-Үдэд бурханы хуулбарыг бүтээсэн юм. Хоёр метрийн өндөр сууж байгаа бурханыг шижир алтаар бүрсэн. Метр хагасын өндөртэй суудлыг гурван жил хатаасан хуш модоор нутгийн урчууд хийсэн юм.  Бурханы дотор уламжлал ёсоор сүсэгтэн олноос өргөсөн  есөн эрдэнийн зүйл болон, эмийн ургамалуудыг хийсэн байгаа» гэж Бальжинима Цыренов хэллээ. Бурханы ариун шүтээнийг хийдийн голд байрлуулжээ. Цугольскийн хийдэд урьд өмнийн сүр жавхланг оруулахад бас нэгэн алхмыг хийжээ.  Тус хийд нь  Өвөрбайгалийн   хамгийн нөлөө бүхий шашны төв байсан  төдийгүй олон нийтийн, соёлын төв байжээ. Хийдэд эртний ном судар  хадгалагддагийн дотор бүддийн шашны дэг жаягийн гол ном – Ганжуур, Данжуур байдаг юм.