Оросын засгийн газраас Сангийн яамны санал болгосон ойрын гурван жилийн төрийн өрийн бодлогод ялимгүй  өөрчлөлт оруулж, үндсэн чиглэлүүдий нь батласан тухай сангийн дэд сайд Сергей Сторчак Сайд нарын танхимын хуралдаан дээр мэдээлэв. Засгийн газраас үзэл баримтлалы нь батласан баримт бичгийн уг чанарын тухайд гэвэл  Орос улс төсвийн алдагдлыг арилгахын тулд 10 рублийн 9-ыг дотоодын зах зээлээс зээлж авна. 2012-2014 онд  2 триллион рубль буюу 67 тэрбум долларыг дотоодын зах зээлээс зээллэх бол гадаадаас жил дутам дөнгөж 200 тэрбум рубль буюу 6,7 тэрбум доллар зээлж авахаар төлөвлөжээ. Тэгэхдээ өрийн бодлогыг эдийн засгийн өсөлтийн хурдац  нэмэгдэх, инфляц буурах, нефть хийн үнэ бага зэрэг нэмэгдэх, үндэсний валютын ханш тогтворжих нөхцөлд хэрэгжүүлэх юм. Үүний ачаар 2014 он гэхэд Орос улсын төсвийн алдагдал 2,7 хувиас 2,3 хувь хүртэл багасна. Үүнтэй холбогдуулан нефть, шатдаг хий худалдаж олсон гол орлогыг улс орныхоо дотоодын зардлыг санхүүжүүлэхэд чиглүүлнэ. Төр засгийн шийдвэр учир үндэстэй байна гэж Эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Сорокин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Юуны түрүүнд төрийн өрийн туйлын  хэмжээг ДНБ-ний 15 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Энэ нь маш бага хэмжээ билээ. ЕХ-ны гишүүн орнууд бараг 60 хувийг хэвийн үзүүлэлт хэмээн үздэг. Эдүгээ Японы төрийн өр  ДНБ-ийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байна. Түүнээс гадна Орос улс алт валютын нөөцийнхөө  хэмжээгээр дэлхийд гуравт орж байгааг харгалзвал төрийн өр нь хэвийн хэмжээнд байна. Энэ талаар ямар нэг саад бэрхшээл гарах ёсгүй. Гэвч төрийн өрөөс гадна манай корпорациудын өр байгаа. Тэд бас зээл авч, өрөө дарахаар үнэт цаас гаргаж байна. Корпорацуудын өр нэлээд түргэн өсөн нэмэгдэж байгаа болохоор түвэгтэй асуудлууд гарч болзошгүй. Өрөө дарах аргагүй болсон нөхцөлд төрөөс тусламж  үзүүлнэ. Зээлж авсан хөрөнгөө  үр ашигтай хэрэглэх нь нэн чухал» гэв.

    Сайд нарын танхимаас батласан өрийн бодлого санхүү-эдийн засгийн системийг доройтуулж мэдэх онц арга хэмжээ агуулахгүй байгааг дурдая. Өртэй амьдрах нь ямар хор уршигтай байдгийг дэлхий АНУ-ын жишээгээр харсан. Бүгд найрамдах ба ардчилсан намууд төрийн өрийн туйлын  хэмжээний асуудлаар сөргөлдсөн улс төрийн шоу дэлхийн зах зээлүүдийг донсолгож, АНУ-д санхүүгийн хүнд түвэгтэй асуудлуудыг үүсгэв. АНУ мөн хэр хэмжээг нэмсэн ч Standart & Poor s агентлагаас  тус улсын зээлийн рейтингийг доошлуулав. Энэ нь АНУ-ын төсвийн алдагдал ба төрийн өр эрс нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлав. Эдүгээ АНУ-ын төрийн  өр 14 триллион доллароос хэтэрч, 2020 он  гэхэд 25 триллионд  хүрч мэднэ. 7-р сарын эхээр Орос улсын төрийн өр  160 тэрбум  доллароос  хэтэрч, ДНБ-ний 10 орчим хувь болсоныг харьцуулан дурдая. Жишээ нь АНУ-ын төрийн өр ДНБ-ний 90, Италийнх 119, Грекийнх 142 хувьд тус тус хүрчээ. Орос улсад мөн үзүүлэлт гурван жилийн дараа 15-16 хувь хүртэл нэмэгдсэн ч 25 хувь гэдэг хэвийн үзүүлэлтээс нэлээд бага байх болно. Дэлхийн тэргүүлэх рейтингийн агентлагууд санхүү-эдийн засгийн байдал нь оросынхоос нэлээд муу байгаа орнуудад өндөр рейтинг ногдуулж, Орос улсыг дутуу үнэлж байна гэж сангийн яам үзэж байна. Иймээс өрийн бодлого ОХУ-ын зээлийн рейтингийг дээшлүүлж, төр, компани пүүсүүд хүлээн зөвшөөрч болмоор болзлоор гадаад, дотоодын эх сурвалжаас зээл авах нөхцөл бүрдүүлэх зорилготой.