Standart & Poor s агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал дэлхийн түүхий эд, фондын зах зээлүүдийн байдалд тэр даруй зохисгүй нөлөөлөв.Өнөөдөр Германи, Францын биржуудийн товъёог унав. Оросын ММВБ баасан гаригийнхаас 2 хувиар буурсан байна. Азийн үзүүлэлтүүд хямралаас хойшхи сүүлийн хоёр жилд хамгийн их хэмжээгээр буурав. Нефтийн эрэлт нэлээд багассан байна. Товчхон хэлэхэд алтнаас гадна  өөр бүх үзүүлэлт доошлов. Тогтворгүй нөхцөлд хөрөнгө оруулагчид түүнд их хэмжээгээр хөрөнгө оруулж байна.Standart & Poor s  агентлагийн шийдвэр АНУ-ын өрийн  төлбөрийг  жилд 100 тэрбум доллароор нэмэгдүүлэхэд хүргэнэ. Дотоодын зээл ч илүү үнэтэй болно. Орон сууц, автомашин худалдан авах,  картанд үйлчлэх зээлийн хүү нэмэгдэнэ. Тус агентлагийн шийдвэр АНУ-ын төдийгүй бусад орны зах зээлийн байдалд нөлөөлөх юм. Гэвч рейтингийн агентлаг америкийн эдийн засаг ямар байгааг дэлхийд одоо харуулсан гэж үзэж болохгүйг РБК компанийн магадлан шинжлэх газрын дарга Александр Яковлев тэмдэглээд «Сүүлийн хэд хэдэн жилд америкийн өрийн асуудал хүнд түвэгтэй хэвээр байна. Нэлээд консерватив байр суурь баримтладаг рейтингийн агентлагийн  мөн шийдвэр  таагүй явдал болж, мэдээжээр зах зээлүүдийг донсолгов. Сүүлийн үед бараг нэг сар үргэлжлэсэн америкийн өрийн туйлын хэмжээний эргэн тойрны хэрүүл маргаан хөрөнгө оруулагчдыг бухимдуулав. Тэд бүх үнэт цаасаа  худалдаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ буурч эхлэсэн.Миний бодоход зах зээлийн байдал энэ долоо хоногт өөрчлөгдөхгүй» гэв.

     АНУ-ын рейтингийг доошлуулсан жишээгээр тэргүүлэх бусад улсын рейтингийг бас доошлуулж мэднэ. Шинжээчид Францыг үүнтэй холбогдуулан юуны түрүүнд дурдаж байна. ЕХ-ны  санхүүгийн байдал тэртэй тэргүй  тогтворгүй байгаа учир ийм төлөв еврод итгэх итгэлийг бусниулж магадгүй. Европын Төв банк европын орнуудын хувьцааг худалдан авч, байдлыг доройтуулахаас сэрэмжлэхийг оролдож байна. Дэлхийн ерөнхий хандлагыг харгалзвал мөн сулхан  арга хэмжээ  үр дүнд хүрэхгүй байх. Доллар найдваргүй, евро тогтворгүй болж, нефтийн үнэ хямдарч байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид цул алт  их хэмжээгээр худалдан авч байна. Алтны үнэ эрс нэмэгдэж, 1700 долларт хүрлээ.Хөрөнгө оруулагчид хөрөнгөө буцааж татан, эдийн засгийг маш хүнд байдалд оруулахаас сэрэмжлэхийн тулд дэлхийн нөөцийн валютыг нэвтрүүлэх асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж Оросын ШУА-ийн  Дэлхийн эдийн засаг,олон улсын харилцааны хүрээлэнгийн дэлхийн санхүүгийн бүтцийг  өөрчлөн байгуулах талаархи шинжээч, эдийн засагч Дмитрий Смыслов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Долларыг дэлхийн нэгдсэн иж бүрэн валютаар солих нь нэлээд радикал төсөл билээ. Энэ зорилгоор зээлжих тусгай эрхийг батлахыг  бүр 70-д онд  санаачилсан. Тэр үед АНУ  долларын дэлхийн монопольт үүргийг алдахаас эмээсэн учраас төслийг хэрэгжүүлсэнгуй. Харин одоо янз бүрийн зүтгэлтнүүд энэ тухай ярьцгааж байна. Энэ  санал Лондонд «хорины» дээд хэмжээний уулзалт дээр  танилцуулсан Оросын хөтөлбөрт ч байсан юм. Эдүгээ Хятад эл сэдвийг олонтаа хөндөж байна. Бүр америкийн ч эдийн засагчид долларыг дэлхийн нөөцийн шинэ валютаар солихийг санаачилж байна» гэв.Энэ нь маш хэцүү хүнд үйл  хэрэг юм. Олон улс орны нөөцийн үлэмж хэсгийг  америкийн валютаар хадгалж байдаг.  Тухайлбал БНХАУ АНУ-ын 1 триллион гаруй долларын облигацтай. Япон ч ийм их хэмжээний облигацтай байна. Эдгээр долларыг өөр фондод шилжүүлэх нь хүнд хэцуу эрсдэлтэй хэрэг юм. Иймээс америкийн төрийн облигацид итгэж байна гэж нэр хүндтэй хөгжингүй орнууд мэдэгдэж, зах зээлийн байдлыг тогтворжуулахыг оролдож байна. Энэ нь шинжээчдийн гутрангүй таамаглалаас давж, хөрөнгө оруулагчдыг тайтгаруулах эсэх нь тодорхой бус байна. Гэвч санхүүгийн тэргүүлэх гүрэн улсуудад өөр  тодорхой төлөвлөгөө алга. Үүнийг ухамсарлснаар улам ч их мэгдэн сандарч байна.