Дэлхийн зах зээлд Орос улс  үр  тариагаа зориуд  үнэ хямд худалдаж байна гэсэн зэм ор үндэсгүй юм. Гадаадад нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлт дэлхийн тухайн байдал, илүүдэл үр тарианы нөөц, арвин ургацтай холбоотой гэж ОХУ-ын Үр тарианы холбоо тайлбарлав. Энэ оны 7-р сард үр тарианы экспортыг хориглох шийдвэрийг хүчингүй болгосноос хойш урьдын олон түнш Орос улстай шинэ хэлэлцээр байгуулахад болгоомжтой хандав. Эрх баригчид алдсан байр сууриа сэргээж, шинэ ургац хураахын өмнө агуулахуудыг суллахын  тулд 10-15 хувийн хөнгөлөлт тогтоов. Арга хэмжээ даруй үр дүнд хүрэв. Москва улаан буудай нийлүүлэхийн төлөө өрсөлдөөнд тэргүүлж, арвай борлуулах зах зээлд байр сууриа сэргээж байна гэж Оросын  үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский хэлээд «Экспортын хорио худалдан авагчдад сэтгэл санааны шахалт узуулсэн. Азаар Иордани оросын ур тарианы худалдаанд зам тавив. Тус улс 7-р сарын 6-нд үр тарианы тендерт оролцох боломж бидэнд олгосон. Тэгээд  манай орон  ялсан. Дараачийн бараг бүх тендерт бид тэргүүн байр эзлэсэн. Эдгээр нь оросын үр тариаг бүтэн хагас жилийн турш худалдаж аваагүй Египет, Тунис, Сири, Саудын Арави зэрэг улсад зарласан гурван тендер билээ. Парламентын гишүүд  нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр  саяхан Орос улсад  хүрэлцэн ирлээ. Дэлхийн зах зээлд арвай худалдах байр сууриа  сэргээн тогтоож байна» гэв.

      Орос улс үр тарианы экспортоор ахин тэргүүлэхэд санснаас бага хугацаа шаардагдсан гэж «СовЭкон» төвийн ерөнхий захирал Андрей Сизов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд  «Орос улс дэлхийн зах зээлд зохих байр сууриа сэргээхэд нэлээд урт цаг хугацаа шаардагдана  гэж үзэж байсан. Гэвч манай орон ахар богино хугацаанд зах зээлд буцсаныг шинэ улирлын эхний 7-р сарын үр дүн харуулав. Энэ сард бараг 2 сая тонн үр тариа нийлүүлсэн нь  маш өндөр үзүүлэлт юм. Энэ улиралд 18 сая орчим тонн үр тариа нийлүүлнэ гэж үзэж байна. 7 -р сарын өндөр үзүүлэлтийг ахиулах бодолтой байна» гэлээ.

     Дэлхийн тухайн байдал Ази Номхон далайн бүс нутгийн зах зээлд гарах боломж олгов. Усан замын тээвэрлэлтийн төлбөр эрс багасаж, үр тарианы үнийг хямдруулсан явдал  Вьетнам, Индонези, Сингапурт  үр тариа нийлүүлэхийг  нэлээд ашигтай болгов. Ер нь Ази Номхон далайн бүс нутгийн талаархи таамаглал өөдрөг байна гэж Андрей Сизов тэмдэглээд «Үр тариагаа аль хэдийнэ тийшээ явуулж эхлэсэн. Бүс нутгийн томоохон худалдан авагчийн нэг Тайланд  саяхан манай  үр тариаг худалдан  авлаа. Орон нутгийн хэрэглэгчид ба үр тариа ахин боловсруулагчид бага хэмжээгээр худалдан аваад чанары нь үзэж дүгнэх бодолтой байна. Үр тарианы чанар таалагдвал цаашдаа худалдаж авна» гэлээ. Гэвч оросын үр тарианы хямдрал эцэслэж байна гэж шинжээчид онцлов. Улирлын эхээр 1 тонн  үр тарианы үнэ 240 доллароос бага байсан бол сүүлчийн тендерийн дүнгээс харахад 260 долларт хүрч мэднэ. Энэ онд 75-80 сая тонн үр тариа хураана гэж таамагласан боловч  экспортын илүүдэл оны сүүлээр багасах юм.