Ардчилсан нам ба бүгд найрамдах нам төрийн өрийн туйлын  хэмжээг нэмэх ба төсвийн зардлыг хорогдуулах тухай хэлэлцээр байгуулав. Харилцан найр тавьсан явдал өрөнд баригдах ба эдийн засгийн шинэ хямрал гарах аюулаас сэргийлэн сэрэмжлэнэ  гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама батлан илэрхийлэв. Конгрессын нэрээ хэлээгүй гишүүний хэлснээр  АНУ-ын төрийн өрийн туйлын хэмжээнд шат шатаар 2 триллион доллар нэмэх юм. Үүний хамт төрийн зардлыг багасгах хоёр үеийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ. Ойрын арван жилд зардлыг 2 триллион 500 тэрбум доллароор багасгахаар төлөвлөжээ. Түүнчлэн цэргийн тусгай газар Пентагоны зардлыг 300 тэрбум доллароор багасгах юм.Конгрессын гишүүд нийгэм, эмнэлгийн хөтөлбөрүүдийн санхүүжүүлэлтийг одоогоор өөрчлөөгүй байна. Бизнесийн төлөөлөгчид харилцан найр тавьсан хөтөлбөрийг дэмжиж, татварын хөнгөлөлтээс татгалзаж, төсөвт зохих хэмжээний хөрөнгө оруулна гэж Барак Обама найдаж байна.

     Бүгд найрамдах нам, ардчилсан намын гишүүд хэлэлцүүлгийн явцад харилцан найр тавьжээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдал Обамагийн засаг захиргааны сул талыг илрүүлсэн гэж Оросын ШУА-ийн Нийгэм-улс төрийн судлалын хүрээлэнгийн орлогч захирал Вилен Иванов  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд «Обамагийн бодлогод сэтгэл дундуур хүмүүсийн тоо олширч байна. Өрөнд идэгдэх аюул тулгарсан нь үүнийг гэрчлэн харуулав. Харин урьд өмнө Рейган, Буш  нар төрийн өрийг удаа дараа нэмэгдүүлсэн ч эсэргүүцэл гараагүй» тэмдэглэв.Эцэст Обама ёс төдий ялсан гэж Вилен Иванов нэмж хэлээд «Обама мөн байдлаас амжилттай гарав. Тэрээр улс орныхоо бэлэгдэл болсон учир улс үндэстнийхээ хувь заяаг л бодох ёстой. Намын дотоодын санал зөрөлдөөн сүүлдээ хоёрдугаар зэргийн зүйл болсон» гэв.

   Үүний хамт дээрх шийдвэр бүгд найрамдах намд ашиг тустай. Нам төрийн өрийн  хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн зардлыг багасгах зорилгодоо хүрсэн гэж «Капитал Финанс» санхүүгийн бүлгийн тэргүүлэх  шинжээч Алексей Вязовский хэлээд «Төрийн зардлыг  хорогдуулах биш харин төрийн өрийн туйлын  хэмжээг шат шатаар нэмэгдүүлэхэд хэргийн учир оршино. Эдүгээ туйлын хэмжээг дөнгөж 400 тэрбум доллароор нэмэгдүүлж байна. Цаашдаа төрийн зардлыг багасгах явдалтай холбож үзэх юм. Одоогоос Барак Обама зардлыг багасгах асуудлаар бүгд найрамдах намын төлөөлөгчидтэй үргэлж хэлэлцээ хийнэ. Бүгд найрамдах нам өнөөгийн ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хараанаасаа салгахгүйн тулд ийм арга хэмжээ зориуд авсан. Зардлыг багасгахгүй бол өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэхгүй. Нэмэгдүүлэхгүй бол өрийн хямрал тэр даруй гарна. Тэгээд АНУ өрөнд идэгдэнэ. Нөхцөл байдал 2012 онд ерөнхийлөгчийн сонгууль гэхэд хурцдаж мэднэ» гэв.

    Төрийн өрийн туйлын  хэмжээг нэмэгдүүлэх асуудлаархи ардчилсан нам ба бүгд найрамдах намын санал шүүмжлэл 5-р сард эхлэж өнөө болтол үргэлжлэснийг дурдая. Өнөөдөр бүрэн төгс шийдвэр гаргах ёстой. Ийм шийдвэр гаргахгүй бол АНУ төрийн өрийг хэсэгчлэн дарах юм. Эдгээр хоёр нам ийнхүү дампуурахаас сэрэмжлэхээр аль хэдийнэ тохиролцсон гэж шинжээчид тэмдэглэв. Талууд өөрсдэд нь илүү ашигтай болзол тавихаар шийдвэр батлах хугацааг сунжруулсан. Хоёр намын доторхи дарамт  шахалт үзүүлэгчид хөтөлбөр, чиглэлүүдийнхээ бүрэн санхүүжүүлэлтийг хэвээр хадгалахын тулд  тодорхой үйл ажиллагаа бас  явуулсан билээ.