Вашингтон, Пхеньян хоёр сүүлийн жил хагаст  анх удаа шууд хэлэлцээ хийж, үнэн шудрага хандлагаа харилцан шалгав. БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван, АНУ-ын онц эрхт төлөөлөгч Стивен Босуорт нар  Нью Йоркод хэлэлцээ хийжээ. Уулзат хэлэлцээ нэлээд үр дүнд хүрсэн бололтой. Умард Солонгосын тал хатуу байдлаасаа түдгэлзэж, хэлэлцээг үргэлжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Зөвлөлгөөн үр дүнтэй, ач холбогдол сайн  болсон гэж Ким Ге Гван үзэж байна. АНУ-ын Төрийн департамент  үнэлгээг дэмжив. Харин АНУ цаашдын алхмаа хийхээс өмнө Өмнөд Солонгос, зургаан талын хэлэлцээнд оролцож ОХУ, БНХАУ, Япон улсуудтай зөвлөлдөнө гэж Стивен Босуорт мэдээлжээ.

    БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоох эсэхийг тодорхой мэдэхийг АНУ оролдов. Тухайлбал Пхеньян хөтөлбөрийнхөө урантай холбоотой хэсгийг сүүлийн хоёр жилд идэвхтэй хөгжүүлж байна. Умард Солонгос үүнд ямар хариулт өгсөнийг мэдээлээгүй байна. Талууд Нью-Йоркод нэг ёсны улс төрийн тагнан турших ажиллагаа явуулсан. Хожим шийдвэр гаргана гэж  Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золоторёв хэлээд «Зургаан талын эсвэл БНАСАУ АНУ-ын хоёр талын хэлэлцээ Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас сэргийлэн, урьдчилан сэрэмжлэхийн тулд харилцан найр тависан шийдвэр гаргах үр дүнд  хүрнэ. Хожим тухайн байдлаас шалтгаалан дараачийн шийдвэр гаргах юм. Пхеньян өөрсдөд нь таатай байдлаар  эдийн засгийн болзол  тавихаар хэлэлцээ хийж буй түншүүдээ жижиг алхам хийх бодлогод турхирч, цөмийн сүрдүүлгийг ашиглана. Зургаан талын хэлэлцээг сэргээсэн ч БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай шийдвэр тийм түргэн гаргахгүй болов уу» гэв.

    Олон улсын хориг арга хэмжээгээр Пхеньяныг цөмийн ураны хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэх гэсэн оролдлого үр дүнд хүрсэнгүй. Тэр ч байтугай Умард Солонгос улс төрийн талаар ганцаардуулаж, эдийн засгаар хавчих бодлого явуулсан сүүлийн хоёр жилд Йонбен дэх цөмийн төвөө сэргээв. Умард Солонгос цөмийн зэвсгийн бүрэлдүүн хэсэг үйлдвэрлэх орчин цагийн хурилдуураар төвийг тоногложээ. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоосны хариуд эдийн засгийн тусламж  үзүүлэх тухай зургаан улсын шийдвэрийг ч биелүүлээгүй байна. Түлшний нийлүүлэлт тасалдав. Япон, Өмнөд Солонгос хоёр  БНАСАУ-д эдийн засгийн тусламж үзүүлэх асуудлыг улс төртэй холбож үзэв. Байдлаас харахад Умард Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээхийг ахин оролдож буй өнөө үед эдгээр сургамжийг харгалзан үзэх бололтой. АНУ, Өмнөд Солонгостой харилцах харилцааг хэвийн болгох нь БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад дэмжлэг болоход нь түлхэц болно. Эдгээр хоёр улстай дайсагналцаж буй нөхцөлд тусгаар тогтнолоо хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг  үйлдвэрлэж байна гэж Пхеньян өөрийгөө зөвтгөн мэдээлж байна.