8-р сарын 6-ны өдөр оросын эртний Владимир хотын Успенскийн цогчин дуганаас Монголын тал нутаг руу 12 мотоциклчин гарахаар бэлтгэж байна. Уралын жижигхэн  Кушва хотын  сүмийн лам   “Үл мэдэх Александр Невский”  аяллыг  санаачлан, тэргүүлэх болжээ. Түүнийг Дмитрий Меньшиков гэдэг. Дмитрий бүр бага байхаасаа мотоциклд дуртай байжээ. Харин одоо ямарч хөвгүүний мөрөөдөл болсон хамгийн найдвартай, хүчтэй  Хонда Африк Твин хөлгийн эзэн юм. Техникт сонирхолтой олон хүүхэд, залуучуудыг  сүмийн  дэргэдэх гаражад хөтлөн авчиржээ. Энд сүмийн лам Дмитрий хуучин мотоцикл сэргээн засварладаг. Яваандаа энэ нь бүр “ Северный цвет” /”Хойд зүгийн өнгө”/клуб болж хувирсан ажээ. Клуб байгуулагдаад даруй дөрвөн жил болжээ. Түүний гишүүд техник сонирходог төдийгүй, мужийн хүүхдийн асрамжийн газартай шефийн холбоо тогтоон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусладаг байна.  Энд мотоциклтэй ах нарын ирэхийг тэсч ядан хүлээдэг ажээ.  Эндхийн хүүхдүүд  бэлэг сэлт, яриа хөөрөөс гадна, тэдний хөлгөөр зугаалах дуртай билээ.

         Жинхэн мотоциклчин л алсын аяллын тухай мөрөөддөг бизээ. Оросын өнцөг булангийн мотоциклчидтэй Интернетээр харьцаж байгаад Дмитрий ламд нэгэн сайхан санаа төржээ. Олон орны байкерууд онгон байгальтай, олон зуун жилийн түүхтэй зочломтгой нүүдэлчдийн нутгаар аялах дуртай байдаг. Меньшиков 1247-49 онуудад Хар-Хорумд Чингис хааны өргөөнд оросын агуу их цэргийн жанжин Александр Невский морилсныг санан, вангийн замаар тал нутаг руу явахаар шийджээ. «Бид өөрсдийн энэхүү аяллаа ”Үл мэдэх Александр Невский” гэж түүхэн энэ хүний нэрээр нэрлэж, олны анхаарлыг  татахыг хүссэн юм. Александр Невскийн нэр бол 1240 онд  шведууд болон немцүүдийг ялсан агуу их ялагч гэж түүхэнд алдаршисан юм. Түүний монголчуудтай уулзаж байсан тухай болон түүнээс дайн тулаанаас илүү их хүчин чармайлт, ур ухаан шаардаж байсан  дипломат ажлын тухай тэр бүр мэдэхгүй. Невский нь Оросыг католик шашинтай болгохыг завдсан  өрнөдийнхөнтэй шийдвэртэй тэмцэж, тэдний санаархаж байсан газар нутгийн шуналыг ч таслан зогсоосон юм. Харин оросын хувьд заналхийлж байсан хоёр дахь хүчин болох монголчуудтай тэр тохиролцож чадсан юм. Түүний энэхүү гавъяа нь евразийн соёл иргэншлийг хадгалахад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан юм» гэж Дмитрий Меньшиков ярьж байна.

         Дмитрий лам Невскийн замаар  Монгол руу аялах болсон тухайгаа Интернет форумаар хэлэлцжээ. Ингээд түүний “Северный цвет” бүлгэмд Москва, Самара болон Пермийн мотоциклчид нэгджээ.  Тэд 22-63 настай. Аялал оросын 20 бүс нутгаар дамжина. «Оросын томоохон хотуудад үнэн алдартны сүмийн ширээт лам нар биднийг хүлээн авах болно. Тэд бидэнтэй залуучуудыг танилцуулна.  Бид тэдэнд Александр Невский гэж  ялагдашгүй, эрэлхэг зоригтай, гайхамшигтай цэргийн жанжин, дипломат бөгөөд эх орончийн тухай  ярьж өгнө.  Түүнчлэн өөрсдийн үлгэр жишээгээр байкерууд гэдэг бол хөнгөмсөг, сахилгагүй, архичин, мансуурагчид биш гэдгийг харуулна» гэж Дмитрий Меньшиков хэллээ. Орос, Монголын нутгаар нийт  17 мянган км замыг тэд 35 өдрийн дотор туулж, 1463 онд Алтан Ордоос буцаж ирэх замдаа Александр Невскийн таалал төгссөн  Нижнегородск мужийн Городце  хотод 9-р сарын 9-нд аяллаа өндөрлөх юм.