Норвегийн цагдаагийн газар Осло болон Утёйя аралд цуст ажиллагаа явуулсан Андерс Брейвикийн хань хамсаатнуудыг эрэж байна.Алуурчин  бидэнтэй ямар ч хамаагүй гэж европын барууны радикал байгууллагууд мэдэгдэв. Европыг марксист ба исламын үзэлтнүүдээс  аврах гэсэн юм гэж Андерс Брейвик Ослогийн тойргийн шүүхэнд мэдэгджээ. Тэр хүмүүсийг  үй олноор нь хөнөөснөө хүлээсэн боловч  өөрийгөө буруутан гэж огт гэмшихгүй байна. Шүүх Брейвикийг  найман долоо хоног хорионд байлгахаар шийдвэрлэв. Брейвикийн гэмт хэрэг олон соёлт нийгмийн бодлогын алдаатай холбоотой байх гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн дэргэдэх Москвагийн эдийн засгийн дээд сургуулийн  тэнхимын эрхлэгч Виктор Кувалдин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Норвегичууд, эрх баригч намын талыг баримтласан залуучууд ямар учраас түүний халдлагын  бай болсон  бэ? Тэр үзэл бодлоо дэлхийд мэдрүүлэхээр л ийм гэмт хэрэг үйлдсэн. Гадаадынхан, өөр  арьстан,  үндэстэн ястан Европт заналхийлж байна гэж тэр үзэж, аюул тулгарсныг  анхааруулахыг хүссэн» гэв.

    Английн батлан хамгаалалтын холбооноос «энэ шившигт этгээдтэй» ямар ч холбоогүй   гэсэн хоёр мэдэгдлийг сайтдаа нийтлэжээ. «Европыг исламжуулахын эсрэг»  байгууллага Брейвикийг шинэ нацист үзлээс нь болж Facebook форумдаа оролцуулаагүй. Норвегийн барууны дэвшилт нам алуурчин тэдний  эгнээнд  байсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Үүнийг  урьдчилан мэдэж болох байсан гэж «Российская Норвегия» порталын мэдээний хэлтсийн редактор Павел Прохоров хэлээд «Барууны радикал үзэлтэн зөв хөгжил гэгчийн төлөө тэмцэж буй Дэвшилт намыг дэмжинэ гэж урьд үзэж байсан. Одоо нам сонгогчидоо алдахгүйн тулд ийм шившигт этгээдүүдээс  арга буюу холдож зайгаа барина» гэв. Террор олон талтай байгааг  Брейвекийн үйлдсэн аллага хядлага ахин нотлон харууллаа гэж иорданы « Аль-Гад» сонины  эрхлэгч Фуад Абу-Хажла хэлээд  «Арабын ертөнц террорын ажиллагааг албан ёсоор эрс буруушааж байна. Исламын ямар нэг бүлгийг буруутан хэмээн үзнэ гэж бүгд эмээж байлаа. Тэгвэл терроризм «араб  төрхтэй» гэдэгт Европ  улам бүр  итгэх байсан. Терроризм үндэстэн ястан, арьсны өнгө, шашин шүтлэг  гэдгийг мэдэхгүй байгааг Норвегид болсон эмгэнэлт хэрэг явдал харуулсан» гэв.

     Хэт барууны үзэл санаа эрс гаарч байгаа боловч  олон соёлт нийгмийн бодлого гэгч   амар  сөнөхгүй гэж Будапештийн нийгэм судлалын хүрээлэнгийн захирал Пал Тамаш  үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Миний бодоход хэт барууны байгууллагууд нөлөөтэй болж байна. Энэ удаад солиорсон этгээд гэмт хэрэг үйлдсэн. Шинэ барууны хүчин өргөжиж, тодорхой агуулгатай үг яриа тархааж байна. Европоос өөр тив нутагт олон соёлт  нийгэм хөгжсөн юм. Солиотой ажиллагааны хариуд яаралтай арга хэмжээ авч олон соёлт нийгмийн бодлогыг устгаж чадахгүй» гэв. Харин цагдаагийн газар Брейвикийн хань хамсаатан нь байж болзошгүй этгээдүүдийг эрсээр байна. Надтай хамссан хоёр бүлэг шинэ цохилт өгөхөд бэлэн гэж Брейвик шүүх хуралдаан дээр хэлжээ.