2012 оны  Лондонгийн Олимпийн медалийг Монголд олборлосон металлаар хийх аж. Британ-Австралийн  “Рио-Тинто” компани нь Олимпийн зохион байгуулах хороонд  2012 оны Олимпийн болон Паралимпийн Тоглолтуудын алт, мөнгө, хүрэл медалиудын   загварыг хүргэлээ. Дэлхийн алт олборлолтын томоохон компаний нэг Рио-Тинто  4700 медалийг бэлтгэхэд 8 тонн хүдэр ашиглахаар төлөвлөж байгаа юм. Тэдгээрийн талыг монголын Оюу Толгой орд газраас олборлоно. Энэ нь дэлхийн хамгийн их алт, мөнгө, зэсний ашиглагдаагүй нөөцтэй уурхай юм гэж Дорно-дахины судлалын Монголын секторын эрхлэгч,  нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский  хэлээд «Оюу Толгой бол дэлхийд хамгийн их  зэс, алтны нөөцтэй орд газраар тооцогдож байгаа. Оюу Толгойн нөөц нэг тэрбум тонн хүдрийн нөөцтэй гэж байгаа. Ингэхдээ зэсийн баяжмал нь 0,5 %, алт нь нэг тоннд -0,36 грамм. Өөрөөр хэлбэл, З6 сая тонн зэснээс 1  мянга гаруй  тонн алт авна гэсэн үг. Энэ бол гайхамшигтай тоо! 10 жилийн дотор хагас сая тонн зэсийг ашиглах бөгөөд -20 гаруй  тонн алт юм. Тооцоолж буйгаар энэхүү нөөц нь 60 жилд хүрэлцээтэй юм. Магадгүй өөр бас нэмэлт  нөөцийг илрүүлж болох л юм. Түүнчлэн, Оюу Толгой нь их хэмжээний  мөнгөний баяжмалтай юм. Түүнийг олборлох гайхамшигтай төлөвлөгөөг  компани зохиогоод байна. Одоо Монгол улс дэлхийн орд газруудын нөөцийг боловсруулагчдыг зүй ёсоор татаад байна. Тэдний дунд Монголын баялагийн төлөө  жинхэнэ  өрсөлдөөн  явагдаж байна. Энэ нь дан ганц алт биш, тэд бусад төмөрлөг, уран болон нүүрсний  төлөө тэмцэж байна. Үүнд Таван толгойн нүүрсний уурхайн боловсруулалтанд оролцохоор өрнөдийнхний хичээж байсныг санахад л хангалттай» гэлээ.

   2013 оноос Оюу Толгой нь  их хэмжээгээр алт, мөнгө болон зэс олборлож эхэлнэ.Гэхдээ Олимпийн медаль бол ширхэгийн бараа юм. Монголын алтаар медаль хийх ажил одооноос эхэлж байна. Уламжлал ёсоор дээд зэргийн сорьцтой шагналыг алтадсан мөнгө  ялимгүй зэстэй хольж хийдэг ажээ.Тамирчин хүний туйлын хүсэл шингэсэн   Алтан медаль тус  бүрд 6 граммаас доошгүй алт ордог ажээ. Медалийг Их Британий Хааны ордны  зоосны үйлдвэрт     хийх юм. Лондонгийн Олимпийн тоглолтын анхны медалиудыг энэ зун Олимпийн зохион байгуулах хороонд хүргэнэ. Тиймээс, монголын орд газар нь өөрийн үйл ажиллагаагаа гайхамшигтай үйл явдлаар эхлэж байгаа бөгөөд тэндээс  анх түрүүнд  олборлосон алт  Олимпийн алтан медаль болж гарах нь!