Алтны үнэ эрс нэмэгдсээр  байна. Евро  бүсийн тогтворгүй байдал болон АНУ өрөнд идэгдэхэд тулсан явдал алтны жинг нэмэгдүүлж байна. Өчигдөр лаа алтны үнэ нэг ёсны түүхийн үнэмлэхүй  дээд  амжилт тогтоож, 1600 долларт хүрлээ. «Миний хувьд алт мөнгө биш» гэсэн АНУ-ын Холбооны хөрөнгийн системийн тэргүүний мэдэгдэл үнэхээр  сонин санагдлаа. Энэ сард алтны үнэ нэмэгдсээр байна. Үнэ нь 11 өдөр дараалан нэмэгдсэн нь ховор үзэгдэл боллоо. Сүүлчийн ийм явдал 1980 оны 7-р сард болжээ. Алтны үнэ сүүлийн хэд хэдэн арван жилийн турш нэмэгдэж  ирсэн. Шар төмөрлөгийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн явдал үүний гол шалтгаан болов. Ойрын үед мөн хандлага хэвээр хадгалагдана гэж «БКС Экспресс» компанийн шинжээч Максим Лобада «Оросын  дуу хоолой» радиод мэдээлээд  «Миний бодоход  алтны үнэ цаашид нэмэгдэх нь дамжиггүй. Олон улсын байдал тогтворгүй нөхцөлд  алт хосгүй  хөрөнгө болдог. АНУ өрөнд идэгдэх гэх мэт аймшигт хэрэг явдал болвол бүх зах зээл «хазайж», хөрөнгө оруулагчид эхлээд доллар дараа нь алт нөөцлөнө. Өөрөөр хэлвэл хэлбэлзэл улам хүчтэй болох юм. Европын ч АНУ-ын ч санхүүгийн эрх баригчид байдлын цаашдын хөгжлийн талаархи байр сууриа  тодорхойлж тайлбарлахгүй байна. Хойшид санхүүгийн систем  яаж ажиллахыг хүмүүс мэдэхгүй байна. Өөрөөр хэлвэл асуудлын шийдвэрийг сунжруулж байна» гэв.

    Үнийг хянан засч болзошгүй гэж шинжээчид ба хөрөнгө оруулагчид үзэж байна. Алтны үнэ хэтрэсэн гэж эдийн засагчид өгүүлж байна. Үнэ унах биш тогтворжих  тухай ярьцгааж эхлэв. Алт хямдарч, 10 жилийн тэртээх үнэтэй адил болохгүй гэж «Антон» санхүүгийн бүлгийн шинжээч Динур Галифанов хэлээд «Өнөөгийн өсөлт сүүлийн30 жилд хамгийн их нь болсон. Өсөлт удаан үргэлжилж байгаа учраас зах зээл хэт халах бол уу гэж хүмүүс асууцгааж байна. Тулгуур хүчин зүйлүүд солигдвол яана? Алтны үнэ одоогоор эрс унах шинжгүй байна. Хэтдээ үнэ төр улсууд  санхүүгийн ба ерийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж өөрчлөгдех бололтой» гэв. Сүүлийн үед алт зах зээлийн мэргэжлийн орчингоос халив. Одоо тэр хэрэглээний зах зээлийн нэг хэсэг боллоо. Жирийн хүмүүс хэдхэн грамм боловч алт худалдан авч байна. Жишээ нь зарим улсад тусгай банкоматаар жижиг алтан юмбуу худалдаж байна. Ингэж худалдан авсан алтны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ бага гэж шинжээчид анхааруулав. Мэргэшилтэй этгээдүүд л алтны зах зээлд их хэмжээний ашиг олж байна.