Египетийн ерөнхий сайд Исам Шараф их ядарсан учир эмнэлэгт хэвтсэн байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бол  Египетийн шинэ засгийн газар тангариг өргөхийн өмнө Шарафын цусны даралт эрс унажээ. Тэрээр ажлын  өдөр нь маш удаан үргэлжлэсэн учир их ядарсан гэж засгийн газрын тэргүүний захиргаанаас мэдээллээ. Шараф эмнэлгээс чухам хэдийд гарах нь тодорхой бус байна. Египетийн засгийн газар өчигдөр тангариг өргөх байсан. Гэвч хэд хэдэн нэр дэвшигчийг томилох асуудлаар санал зөрсөн учир арга хэмжээг маргаашийн өдөрт шилжүүлсэн байна. Саяхан эмхлэн байгуулсан Египетийн засгийн газрын шинэ 15 сайд Цэргийн дээд зөвлөлийн тэргүүн маршал Мухаммед Хусейн Тантауид тангариг өргөх ёстой. Египетийн эрх баригчид засгийн газарт халаа сэлгээ хийх замаар ард олны эсэргүүцэл, дургүйцэлийг намжаахыг оролдож байна.