Олимпийн Сочи ахин  томоохон үйл явдлын төв  боллоо. «Формула Сочи»  авто наадам 7-р сарын 16,17-нд хотод болно. Авто наадам 2014 онд болох «Формула-1» дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нэг  үе - «Оросын Гран-при» анхны тэмцээнийг бэлтгэх хүрээнд явагдана. Үнэн чанартаа «Сочийн Формула» «Вангийн уралдааны» нэг ёсны ерөнхий сургуулилалт  болох юм. Үзэгчид түүнийг үнэ төлбөргүй  үзнэ. «Формула-1»  авто уралдаан хотын төвд болох юм. Краснодар хязгаарын засаг захиргаа  уралдаанд оролцогчид болон маш олон хөгжөөн дэмжигчийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд асар их ажил хийжээ. 1600 метр урт уралдааны зам олон улсын бүх стандартад нийцэж байна гэж «Сочийн Формула» уралдааныг зохион байгуулагч «Лотус Рено» багийн менежер Оксана Косаченко тэмдэглээд  «Уралдааны зам нарийн гудамжуудыг дамжиж гарах учраас тохижуулах ажил хүндэрсэн. Замыг шинээр хучиж, хамгаалах тор, блок, хуванцар хашаа босгосон. Уралдааныг маш олон хүн сонирхож үзэх учраас аюулгүй байдлыг хангах томоохон арга хэмжээ авсан. Энэ удаагийн «Формула» уралдааныг зохион явуулах нь 2014 оны «Гран-Прид» чухал туршлага болно» гэв.

    Сочийн «Формула»  «Оросын Гран-при» уралдааныг амжилттай зохион байгуулахад  маш чухал алхам болно. «Формула-1» авто спортод байгаа шилдэг бүх зүйлийг нэгтгэсэн. «Энэ удаагийн наадам Сочийг Оросын автомашины нийслэл болгоход туслана. Үзэгчид маань «Формула-1» уралдааныг үзэх төдийгүй дуу чимээг нь сонсох юм» гэж Краснодар хязгаарын засаг захиргааны дэд дарга Алексей Агафонов тэмдэглэв. Авто спорт шүтэгчид уралдааныг ямагт гойд сонирходог. Сочид уралдагчдын уран чадварыг үнэлэх төдийгүй  хэвлэлийн бага хурал дээр асуулт тавьж, хамт зурагаа авахуулах боломж ч байгаа. Аз дайрвал уралдааны машинаар хотоор зугаалж болно гэж Оксана Косаченко хэлээд  «Энэ нь энгийн хүний хувьд баяртай явдал  болно. Тэр амралт сувиллын хотод ирж зугаалж амрахаас гадна маш хурдан машин техник, дээд зэргийн мэргэшилтэй жолооч нарыг харах юм. Хамгийн гол нь 2014 оны бух 12 баг оролцох «Формула-1» уралдаанд сонирхогчдын тоо олшроно» гэв.

   «Формула-1» дэлхийн аврага шалгаруулах тэмцээний хэд хэдэн үед түрүүлсэн «Ред Булл» болон Оросын жолооч Виталий Петровын «Лотус Рено» багууд Сочид очно. Петров Москвагийн уралдаанд оролцохоос татгалзаж Олимпийн Сочид очихоор шийджээ. Оросын «Маруся Вержин» баг авто наадмын  хүндэт зочид болно. Тэр  ойрын үед оросын гол баг болох  боломжтой  гэж Оксана Косаченко хэлээд  «Миний бодоход Николай Фоменко ба түүний багийн гишүүд хэтдээ оросын гол баг болох бүрэн боломжтой. 2012 онд «Маруся Вержиний» сууринд «Формула-1» дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оросын төлөөлөгчдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна» гэв. Түүнээс гадна Италийн «Феррари», «Оросын Формула» багууд Сочийн уралдаанд оролцоно. Түүнчлэн одоо 7-р сарын 17-нд Сочид барианы газарт ирэх «Торгоны зам» уралдаанд оролцож байгаа «КАМАЗ-мастер» багийн гишүүд ч уралдах  төлөвлөгөөтэй  байна.