Оросын  пуужин-сансрын  «Энерги»  корпораци хиймэл дагуулыг тойрог замд засварлах сансрын хөлөг бүтээж байна. Түүнчлэн мөн сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замыг хэрэглэж дууссан аппарат ба сансрын хог гэгчээс цэвэрлэх юм. 2015 онд шинэ сансрын хөлгийг «Восточный» сансрын хөлгийн буудлаас нисгэгчгүй дэглэмээр хөөргөнө. Түүнээс хойш гурван жил өнгөрсний дараа багийн гишүүдтэй нислэг хийх юм. Сансрын хөлгийн хоёр сансрын нисгэгч  задгай сансарт  гарч, хиймэл дагуулын блокыг сольж эсвэл скафандартай сансрын нисэгчийн гар мэт ажиллах төхөөргөөр ийм ажил хийх юм. Нислэг бараг хоёр долоо хоног үргэлжлэнэ. Засвар хийх сансрын нисэгчдийг юуны түрүүнд  дэлхийг алсаас тандах багаж ба цаг уурын судлалын хиймэл дагуулууд руу явуулна. Мөн  дэлхий орчмын тойрог замыг хогоос цэвэрлэх өөр зорилгыг  биелүүлнэ гэж «Энерги» пуужин-сансрын корпорацийн ерөнхийлөгчийн эрдэм шинжилгээний ажлын зөвлөх Виктор Синявский хэлээд «Хэрэглэж дууссан аппаратууд аюултай хийгээд сансрын нисэгчдийн хэвийн ажилд саад болж байна. Ер нь хэрэглэж дууссан аппаратуудыг тусгай автомат багажад шилжүүлж, тусгай төхөөргөөр Гадаад далайд живүүлэх хэрэгтэй. Тэгснээр дэлхий орчмын тойрог зам цэвэрлэгдэнэ. Мөн аргаар тогтонги тойрог замыг цэвэрлэж болно» гэв.

   Хиймэл дагуул ба зөөгч пуужингийн янз янзын хэмжээний 600 мянган хэмхэрхий дэлхийг тойрч байна. Мэргэжилтнүүд нэлээд том хэд хэдэн кг жинтэй 19 мянган хэмхэрхийн хөдөлгөөнийг ажиглаж байна. Гэвч жижигхэн хэмхэрхий ч сансрын нисэгчийн скафандрыг нэвтлэн цоолж мэднэ.Сансрын хогийн асуудал жил ирэх тусам улам хурцдаж байна гэж Виктор Синявский хэлээд  «Ийм хог нэмэгдсээр байна. Түүнээс гадна хэмхэрхий мөргөлдөж, хэд хэдэн хэсэгт хуваагдаж байна. Олон улсын сансрын станцаас хянан шалгах ажиллагаа зогсоо зайгүй явагдаж байна. Дунджаар долоо хоног дутам  онц байдал зарладаг. Станцийг дээшлүүлэх буюу өөр арга хэмжээ авдаг» гэв. Ирээдүйн сансрын хөлөг Олон улсын сансрын станцад заналхийлэх  томоохон хэд хэдэн хэмхэрхийг авч явж чадна. Хичнээн их хэмжээний хог авч явахыг хэлэхэд хэцүү. Юу гэвэл хэмхэрхий янз бүрийн өндөрт нисч  байна. Харин манёврлахад шардагдах түлшний нөөц хязгаарлагдмал байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн мэргэжилтний мэдээлснээр бол ийм сансрын хөлөг тогтонги  тойрог замыг ч цэвэрлэх боломжтой. Одоо тэнд ажиллаж буй ба жагсаалтаас гарсан аппарат олон. Ажиллахаа больсон хиймэл дагуулуудыг зайлуулвал 20-50 сая долларын өртөгтэй хэмээн үзсэн чөлөөлөгдсөн тэр орон зайг алсын харилцаа холбооны компаниуд дуртайяа худалдаж авна.

    «Сансрын хог» гэгчтэй тэмцэх төсөлүүд өрнөдэд ч бий. Хиймэл дагуулуудыг тогтонги тойрог замаас дээшлүүлж, хиймэл дагуулаас дэлгэх хэт хөнгөн тороор хэмхэрхийг барих эсвэл лазерын цацрагаар хиймэл дагуулыг доошлуулж унагаах   арга замыг санаачилжээ. Олон улсын сансрын станцын  багийн гишүүдийн задгай сансарт  гарахдаа алдсан багажтай цүнхийн шатсан үлдэгдэл дэлхийд хэдэн сарын дараа унасан билээ.1958 онд хөөргөсөн Vanguard1 америкийн хиймэл дагуул ойрын сансарт  үлдсэн ажиллахгүй анхны аппарат болсон . Тэр бүр 200 жилийн турш тойрог замд аюул учруулсаар байх болно. Сансрын хог гэгч сансрын аппараттай анх удаа 1996 онд мөргөлджээ. Францын нэгэн хиймэл дагуулын том эд анги францын өөр хиймэл дагуулыг цохисон аж. Олон улсын сансрын станц 2007 онд Бээжин ПДХ системээ туршснаас  хойш  бий болсон хятадын хуучин хиймэл дагуулын үлдэгдлээс зайлсхийхийн тулд өнөө болтол манёврлаж байна. 2009 онд америкийн багаж оросын ажиллахаа больсон хиймэл дагуултай мөргөлдөв. Одоогоор энэ нь хиймэл дагуулууд мөргөлдсөн анхны ганц тохиолдол хэвээр байна. Ийм хэрэг явдал давтагдахаас сэрэмжлэхийн тулд ойрын сансрыг цэвэрлэх арга барилыг аль болох түргэн боловсруулах хэрэгтэй.