7-р сарын 8-нд Орос улсад Гэр бүл, үнэнч хайр сэтгэлийн өдрийг тэмдэглэдэг юм.  Эрт  дээр үеэс  оросын ард түмэн гэр бүлийн аз жаргалыг ивээгч   Петр, Феврония хоёрыг шүтэж ирсэн юм. Энэ баярыг тэмдэглэхийг  Москвагаас 280 км зайтай  Ока мөрний эрэг дээр оршдог Муром хотын оршин суугчид хэдэн жилийн өмнө санал болгосон юм. Энд долоон зуун жилийн өмнө Пётр ван  нэгэн ядуу бүсгүйд дурлаж, тэд гэр бүл болцгоон, урт удаан жаргалтай, сайхан амьдарч байгаад нэг өдөр өөд болцгоожээ. 7-р сарын 8-ны албан бус энэ баярыг “балжингаравын өдөр” – гэж цэцгийн нэрээр нэрлэх болсон юм. Энэ баярыг жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Москвагийн тэргүүн хамбын тамгын газрын  мэдээллийн хэлтсийн дарга Владимир Легойда энэхүү баяр нь  оросын иргэдийн хамгийн үнэт зүйлс болох-гэр бүлээр нэгтгэдэг юм гэж тайлбарлаж байна. «Манай энэ баяр  Гэр бүл, үнэнч хайр сэтгэлийн баяр гэж нэрлэгдэх болсон нь маш чухал ач холбогдолтой юм. Хайр сэтгэлийн тухай  мэтгэлцэн, шагшин магтаж, уйлан хайлан ярьдаг. Гэр бүлийн тухай ч гэсэн. Өнөөдөр гэр бүлийн үнэт зүйлсийн тухай ярихад тийм ч амаргүй гэдгийг бид мэднэ.Харин үнэнч хайр сэтгэлийн тухай бага ярьдаг мөртлөө, дандаа болохгүй талаас нь ярьцгаадаг.  Харамсалтай нь бид хаадын болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн  мэдээлж буй сүртэй том хуримнуудын зөвхөн  гэрч болоод зогсохгүй, тэдний салалтын гэрч бас болдог. Орос улсын сүүлийн жилүүдийн статистикийн мэдээ аймшигтай тоо баримтаар дүүрэн. Энэ баярт гэр бүлийн үнэнч сэтгэлийн тухай дурдагддаг нь гайхамшигтай юм. Энэ нь гэр бүлийг нэгдэн нягтруулж, жинхэнэ аз жаргалтай болгодог» гэж Владимир Легойда хэллээ.

   Арга хэмжээг зохион байгуулах хороог Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын гэргий Светлана Медведева тэргүүлдэг бөгөөд 7-р сарын 8-нд  25 жилээс дээш хамт амьдарч байгаа аз жаргалтай  гэр бүлд “За любовь и верность” /”Үнэнч хайр, сэтгэлийн төлөө”/дурсгалын медаль гардуулна. Медалийн нэг талд Пётр, Феврония хоёр, нөгөө талд нь балжингарав цэцэг байдаг юм. Өнгөрсөн жил энэ хүү медалийг 4 мянга гаруй гэр бүл хүртэж байсан бол энэ жил 5 мянга гаруй гэр бүлд гардуулна.  Гэр бүлийн энэхүү шагнал нь өөрийн баатруудыг эх орон нэгтнүүдийнхээ дунд, төдийгүй гадаадад амьдарч байгаа хүмүүсийн дундаас ч олдог аж. Энэ тухай зохион байгуулах хорооны дэд тэргүүн Татьяна Шумова хэлэхдээ «Энэ жил 400 медалийг гадаад орнуудад, тухайлбал, Болгар, Чехи, Франц, Польш, Герман, Их Британи руу явуулсан» гэв. Гэр бүл, үнэнч хайрын өдрийн  арга хэмжээнүүдийн нэг “Подари мне жизнь!” /”Надад амьдрал хайрлаач“/ явуулахаар бэлтгэж байна. Энэ арга хэмжээний зохион байгуулагчаар Нийгэм-соёлын санаачлагын сан оролцож байгаа юм гэж Татьяна Шумова хэлээд «Бид хэн нэгнийг хорьж, тэднийг буруутгаж болохгүй юм. Юуны өмнө тэдэнд туслах хэрэгтэй бөгөөд, тэднийг гэгээрүлэх ёстой. Яагаад гэвэл залуу багаасаа болоод тэр бүр охид маань үр хөндөх аюултай гэдгийг ухамсарладаггүй юм. Шинээр бүрэлдэж байгаа амийг таслаж болохгүй, энэ бол их нүгэл, хожим яаж ч эмчлүүлээд, яаж ч хүсээд, дахин жирэмслэхгүй байж  мэднэ гэдгийг тэд ойлгодоггүй.  Үр хөндүүлсэн бол  буцах зам үгүй» гэв.

   Орос улсад үр хөндөлтийн тоо  сүүлийн үед буурч байгаа ч гэсэн, статистик мэдээ түгшүүртэй хэвээр байна. Мэргэжилтнүүд цаашид  үүнийг хориглох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхгүйгээр хүн амын өсөлтийг сайжруулна гэж үгүй ажээ. Гэр бүл, үнэнч хайрын баярыг   оросын бүх бүс нутгуудаар: Калининградаас Камчатка хүртэл ёслон тэмдэглэнэ. 7-р сарын 8-нд гэрлэсэн гэр бүл аз жаргалтай амьдрах   магадлал өндөр бөгөөд сүүлийн үед орос улсад гэр бүлийг ивээгч гэгээн Пётр, Феврония хоёрын энэ өдөр хуримлах хосууд их болсон ажээ. Баярын нийслэл - Муром хот . Тэндхийн үнэн алдартны шашны сүмүүдэд хүндэтгэлийн хурал ном хурж, гар урлалын яармаг худалдаа, гэр бүлүүдийн хооронд тэмцээн уралдаан, “Балжингаравын зун” цэцгийн үзэсгэлэн, Пётр, Феврония хоёр шинээр гэр бүл болж байгаа  20  хосд баяр хүргэсэн театрчилсан тоглолт зэрэг зохиогдоно. Энэхүү гэгээн баярт зориулсан  “Хайр сэтгэлийн хөгжим”концертыг оросын радио, телевизээр шууд дамжуулан, Ока мөрний  эрэг дээрхи  өнгө алагласан гайхалтай сайхан галын наадамаар  энэхүү баяр өндөрлөнө.

Гэрэл зураг